Туул голын усанд гэдэсний бүлгийн савханцар, эмгэг төрөгч нян илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-14 14:32:49

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Туул голын усанд хийсэн шинжилгээгээр Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний бүлгийн халуунд тэсвэртэй савханцар, эмгэг төрөгч нян илэрчээ.


Мөн, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош хэсгийн усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдан, ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарсан байна.


Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг 10 дугаар сарын 29-нд Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл, физик үзүүлэлтийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээсэн билээ.


Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими, нян судлалын шинжилгээ хийжээ. Усны сорьцын шинжилгээгээр Сонгины ам орчмын 2 цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат (SO42-)-ын агууламж 1.1 дахин хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрчээ. 



Холбоотой мэдээ