Леонид солирын урсгалын оргил үе өнөө шөнө тохионо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-11-17 12:56:40

МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 17 /TASS/. Жил бүрийн арваннэгдүгээр сард ажиглагддаг Леонид солирын урсгалын оргил үе даваа гарагт шилжих шөнө тохионо. Энэ үеэр цагт 15 орчим “од харвана” гэж одон орончид мэдээлжээ.    


Энэхүү оргил үе шөнө дунд өнгөрсний дараа Нар мандахаас өмнө Арслангийн ордны одод өндөрт хөөрөх үед тэнгэр цэлмэг байвал зүүн хаяанд илүү тод ажиглагдах ажээ. Гэхдээ 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнө 98 хувийн бүтэн Сартай байх тул Сарны гэрэл эл үзэгдлийг ажиглахад саад болж магадгүй.


Леонид солирын урсгал нь жил бүрийн арваннэгдүгээр сард ажиглагддаг бөгөөд энэ онд 6-30-ны хооронд ажиглагдаж байгаа ажээ. Эл үзэгдэл 55П/Темпел-Таттл сүүлт од Наранд 33 жил тутамд ойртох үед үүсдэг. Энэ үед солирын урсгалын эрч өөрчлөгддөг ба 33 жилд нэг удаа урсгал нь "оддын бороо" болж хувирдаг. Ийм ховор үзэгдэл 1833, 1866, 1966, 1999, 2001 онуудад тохиож байв. Тухайлбал, 1966 онд цагт 10 мянган “од харваж” байжээ. 


Ийм шуурга 2099 он хүртэл дахин давтагдахгүй гэж Москвагийн Одон орон судлалын төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ