Монгол, Германы Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-нд Берлин хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Германы улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтуудын талаар харилцан мэдээлэл хийлээ. Мөн энэ жил тохиож буй Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний талаар ярилцав. Тухайлбал, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэнд талууд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн тэлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалыг хадгалах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцсон аж.
Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Мартин Туммель нар тэргүүлэн оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ.