ЗАВХАН: Зургаан сумын хүн ам өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-20 17:59:15

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн багасах хандлагатай байгаа нь хүн амын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.


Завхан аймаг 21.7 мянган өрхийн 71.8 мянган хүн амтай. Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэйчүүд, 32.1 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 27.0 хувь нь 16-34 насны залуус, 26.5 хувь нь 35-54 насных, 14.4 хувь нь 55-ээс дээш насны хүн ам эзэлж байна.


Өмнөх оны мөн үеэс хүн амын тоо 0.1 хувиар нэмэгдэж өсөх хандлагатай байна. Энэ нь шилжих хөдөлгөөн, нас баралт, хүн амын мэдээллийн сангийн давхардлыг арилгасан зэрэг нь нөлөөлсөн. Аймгийн нийт хүн амын 22.5 хувь нь Улиастай суманд, 13.0 хувь нь Тосонцэнгэлд, 9.1 хувь нь Их-Уулд, 55.2 хувь нь бусад суманд оршин сууж байна.


Завханмандал, Их-Уул, Сонгино, Идэр, Яруу, Тосонцэнгэл сумын хүн ам 4-39 хүнээр өссөн бол бусад сумын хүн ам 7- 81 хүнээр цөөрсөн байна.


Хамгийн бага хүн амтай багаар 203 хүнтэй Ургамал сумын Нуур зөөхий баг, хамгийн их хүн амтай баг нь 3759 хүнтэй Улиастай сумын Жинст баг байна. Улсын дүнд Завхан аймгийн хүн ам 2.2 хувийг, баруун бүсийн дүнд 17.6 хувийг эзэлж байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ