ГОВЬ-АЛТАЙ: Анхдугаар үндсэн хуулиа баталсан өдөр үндэсний хувцсаараа гоёно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-11-21 15:49:56

Говь-Алтай, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, үндэсний бахархал, соёлын үнэт өв соёлоо сурталчлан энэ сарын 25-нд Алтайнхан үндэсний хувцсаараа гоёно. 


Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-нд улс орон даяараа тэмдэглэнэ. 


Энэхүү түүхт өдрийг угтан Говь-Алтай аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Дашпунцагаар ахлуулсан анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойг зохион байгуулах ажлын багаас хуулийн хүрээнд хүүхэд багачууд, иргэд, олон нийтийг хамруулах хэд хэдэн ажлыг хийхээр болжээ.


Тодруулбал, 11 дүгээр сарын 25-ны өдөр бүх нийтээрээ үндэсний хувцсаа өмсөж соёлын үнэт өвөө сурталчлахыг уриаллаа. Мөн өдөр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг анхдугаар үндсэн хууль батлагдсан ил өдөртэй холбоотой хичээлээр эхлэх, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын жагсаал Алтай хотын төв талбайд болж, Монгол Улсын төрийн далбаа, Говь-Алтай аймгийн тугийг мандуулах юм. Үүний сацуу тус өдөр үндсэн хууль батлагдсаны түүхт ойн баярын хурал, үндэсний бөхийн барилдаан, волейболын тэмцээн болох юм.


Харин 11 дүгээр сарын 26-нд 16 нас хүрч байгаа залуус иргэний андгай өргөх ёслолд оролцож, иргэний үнэмлэхээ гардан авах үйл ажиллагааг зохион байгуулах тухай анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойг зохион байгуулах ажлын багаас мэдээллээ. 


Анхдугаар үндсэн хуулийн ач холбогдол, Үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсыг эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, үндэсний болон түүхийн ухамсар бахархлыг дэмжих, сургалт, танин мэдэхүй, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг төлөвлөн хуулийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээрээ ихээхэн онцлог, ач холбогдолтой юм. Иймд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулах ажлын багаас уриаллаа. 


Холбоотой мэдээ