Чанартай, хямд эмээр хангах эхлэлийг тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2024-11-22 16:17:43

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголд хэрэглэж буй, хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх эхлэлийг тавилаа.


ЭМЯ, ЭЭХХЗГ өнөөдөр БНСУ-ын “Dongkoo Bio & Pharm” эмийн үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Засгийн газар чанартай эмийг хямд үнээр авах бодлогыг хэрэгжүүлж, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, эмийн хатуу зохицуулалттай улс орноос хямд үнээр, чанартай эм авах зорилго тавьсан. Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн эмийн хэлцлүүдийн үнэ жилээс жилд буурч, төрөл нь нэмэгддэг. Манай улс ч энэ жишгийг дагаж, чанартай эмийг хямд үнээр тасалдалгүй хангах болно хэмээлээ.

Худалдан авалтын хэлцлийн анхны гэрээг хийсэн БНСУ-ын “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрийнхэн манай улсад чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг зэрэг 5 нэр төрлийн эмийг экспортолно. Мөн, ижил найрлагатай эмийн гаалийн үнээс дунджаар 50 хувь хямд үнээр зах зээлд нийлүүлж, иргэдэд ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлттэй олгох юм.



Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн Газрын тогтоолоор чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг олон улсын байгууллага, гадаадын үйлдвэрлэгчээс шууд худалдан авах эрхзүйн боломжтой болсон билээ.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-аас эмийн зохицуулалт, хяналтыг өндөр түвшинд гүйцэтгэдэг гэж үнэлэгдсэн улс орны эм үйлдвэрлэгч нартай өнгөрсөн 9 дүгээр сард БНСУ-д айлчлахдаа уулзаж, эмчилгээний өндөр үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэхийг судалжээ. Ингэснээр тус улсын нэр хүнд бүхий 4 компанитай ЭМДС-гаас хөнгөлөлт олгож буй 18 нэр төрлийн эмийг худалдан авахаар үнийн хэлцэл хийгээд байгааг ЭМЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ