У.Хүрэлсүх: Ойн салбар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан салбар болох ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ой модны салбар хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Корпорейт конвеншн центр-т боллоо.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөг багасгаж, өнөө, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан
амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж,
ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчдод талархал илэрхийллээ. Ойчдын өнөөдрийг хүртэл хийж ирсэн үйлс,
байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр ирээдүй хойч үе, ард
түмэн бахархахыг Ерөнхийлөгч
онцлоод, ойн салбар нь уур
амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургыг багасгаж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт
технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, төр, хувийн хэвшлийн
оновчтой хамтын ажиллагаанд тулгуурласан салбар болох ёстойг илэрхийлэв.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо байгаа ойн сангаа нөхөн сэргээх, тэлж ургуулах, хот, суурин газарт мод тарьж, ойн аж ахуйг агро ойн аж ахуйтай хослуулан хөгжүүлэх нь чухал юм.
Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 84 сая мод тарьж, ургуулан, мод, сөөгийн үрийн 12 мянга гаруй тн нөөцтэй болж, тарьц, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 5 дахин нэмэгдсэн.
Үүнээс гадна
хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийж, 1.9 тэрбум модыг хөнөөлт
шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байгаа”-г тэмдэглэлээ.
Ардын Засгийн хурлаар Аж ахуйн явдлын яаманд 1924 онд “Ой, модны хэлтэс” байгуулан анхны
ойн дөрвөн ангийг орон нутагт байгуулсан түүхтэй. Улмаар 1925 онд “Ой модны тухай” дүрэм, 1931 онд “Ойн хууль”, 1933
онд “БНМАУ-ын Ойн хууль”, 1934 онд дахин шинэчилсэн Ойн хуулийг баталснаар
манай орны нутаг дэвсгэр дэх бүх ойг улсын өмч, ойн нэгдсэн сан мөн болохыг
тогтоож, ойн сангаас модыг үнэлэн олгодог болсон нь ойн баялагт хандах төрийн
бодлогын үндэс болсон юм. Харин
1944 оноос ой, модны салбарын анхны мэргэжилтэй ажилчныг, 1964
оноос анхны ойн инженерүүдийг дотооддоо бэлтгэж, байгууллага нь аж ахуй
болж өргөжин, ойг арчлан хамгаалахыг шинжлэх ухааны үндэстэй зохион
байгуулж, ойн нөөцийг зохистой ашиглахад ахиц, дэвшил гаргажээ.
Ой модны аж үйлдвэрийн салбар нь 1980-аад оны дунд үе гэхэд бие даасан Ой, модны аж үйлдвэрийн яамтай, 60 орчим үйлдвэр, зургаан томоохон цогцолбор комбинат нийт 10 мянга гаруй ажилчин, албан хаагчтай болсон. Тухайн үед аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувийг экспортолдог, мод тарьж ургуулах, хөнөөлт шавж, түймрээс хамгаалах зэрэг иж бүрэн, цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг томоохон салбар болон хөгжсөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.