Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” кино Таллины наадмаас гранпри хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Эстонийн Таллин хотод зохион байгуулдаг дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн “Хар шөнө” кино наадмаас Монголын уран сайхны “Silent City Driver” буюу “Чимээгүй хотын жолооч” дэлгэцийн бүтээл гранпри болон “Шилдэг зураач”-ийн шагнал хүртжээ.
Уг кино энэ сарын 21-нд Эстонийн Таллин хотод нээлтээ хийсэн бөгөөд “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт бусад орны 12 бүтээлийн хамт шалгарсан юм. Энэхүү кино наадамд 80 орны 280 уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглан, 800 удаагийн үзвэрийг 150 мянган үзэгч үзэж сонирхсон байна. “Чимээгүй хотын жолооч” киноны продюсераар Н.Ганбаатар ажилласан бол дууны найруулга болон өнгө шүүлтийг Францад хийжээ. Харин дүрүүдийг жүжигчин А.Түвшинбаяр, Г.Наранцэцэг, М.Бат-Эрдэнэ, М.Цогт, Н.Пүрэвдорж нар амилуулсан байна.
Тус киноны ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж “Кино багийнхны хувьд гайхалтай шөнө байлаа. Кино бол нийлмэл урлаг юм. Энэ бол та нарын шагнал. Багтаа амжилт хүсье. Намайг тэвчиж, хурцалж, надад итгэсэн продюсер Н.Ганбаатартаа маш их баярлалаа” гэжээ.
Тэгвэл шүүгчдийн бүрэлдэхүүн уг кинонд гранпри өгсөн шалтгаанаа “Хамгийн эхний кадраасаа л кино урлагт шинэлэг замналыг донжтойгоор тунхаглаж буй мэдрэмжийг төрүүллээ.
Энэ донж нь маяг бус, харин утга учир дүүрэн. Кино ертөнцийн гүн гүнзгийгээс алсруулах биш, харин ч ойртуулах шийдлүүдээ хүн төрөлхтний бус гэмээр хэрнээ эгэлгүй хүмүүнлэг дүрүүдээр баяжуулсан энэхүү бараан түүх биднийг үнэхээр гайхшируулж чадлаа” хэмээн тайлбарласан байна.
Таллины кино наадам нь 28 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн А зэрэглэлийн дэлхийн шилдэг 15 кино наадмын нэг юм.