ЗАВХАН: Төрийн жинхэнэ алба хаагчийн тангаргийг 13 сумын албан хаагч өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-27 14:20:02

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон төрийн жинхэнэ 40 алба хаагч тангараг өргөжээ.


Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.


Энэ удаад төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн 9 байгууллагын 14 алба хаагч тангаргаа өргөсөн юм.


Мөн 13 сумын 26 алба хаагч төрийн жинхэнэ алба хаагчийн тангаргаа өргөв. Аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга Т.Рэнчинванжил үйл ажиллагааг нээж, төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөж байгаа бүх хүмүүст баяр хүргэж амжилт хүслээ.


Мөн "Төрийн албан хаагчийн тангараг өргөх энэ агшин хүн бүрд тохиодоггүй, нэр хүндтэй үйл явдал юм.Та бүхэн энэ мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд захирагдан ард түмэндээ эрх тэгш үйлчилж, үндсэн хууль болон бусад хуулиа чандлан баримталж, төрдөө чин үнэнчээр, идэвх санаачилгатай, хариуцлагатай зүтгэж, ард түмнийхээ тусын тулд албан үүргээ шударгаар биелүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Завхан аймагт 5560 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тус аймаг төрийн албан хаагчдаа өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэсэн бодлоготой ажилладаг гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон 

40 төрийн жинхэнэ алба хаагч тангараг өргөжээ

Холбоотой мэдээ