ХӨВСГӨЛ: Нийт өрхийн 50 гаруй хувь нь угийн бичгээ хөтөлж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, иргэдийг арга зүйгээр хангах, өрхүүдэд угийн бичиг хөтлөх ухамсар, хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилгоор “Удмын түүх” угийн бичиг хөтлөх аяныг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Аяны хүрээнд ”Гэр бүлийн хөгжлийн цогц төв”-ийг түшиглэн “Угийн бичгийн танхим” нээх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, арга зүй олгох сургалтыг сумын “Соёлын төв”-өөр дамжуулан иргэдэд хүргэх юм.
Өнгөрсөн онд зохион байгуулсан аяны хүрээнд 14623 өрх буюу нийт өрхийн 36,7 хувь нь угийн бичгээ хөтөлж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 15 хувиар нэмэгдэж 50 гаруй хувь болсон байна.
Монголын ард түмний бүтээсэн түүх, соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл юм.
Ах дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөгөөд монголчууд угийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж иржээ.
Өрх бүрд заавал хөтөлдөг байсан түүхэн судар алдарснаас сүүлийн жилүүдэд цус ойртолтоос үдэлтэй өвчлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсээр байна.
Иймээс иргэн бүр угийн бичгээ
хөтөлж үр хойчдоо заавал өвлүүлдэг байхыг Хөвсгөл аймгийн Соёл урлаг, аялал
жуулчлал, залуучуудын газраас уриаллаа.