“Милан-Кортина 2026” Олимпын наадмын буухианы талаар мэдээлэл өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-11-27 17:28:21

ЖЕНЕВ, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /Xinhua/. Милан-Кортина 2026 өвлийн Олимп, Паралимпын наадмын галт бамбарыг буухиалах хугацаа, маршрутыг тус наадмыг зохион байгуулах хорооноос мягмар гарагт танилцуулжээ. Хоёр өөр чиглэл нь зохион байгуулагч Итали улсын хүсэл тэмүүлэл, үзэл санааг илэрхийлэх ажээ.


Олимпын галт бамбарын буухиаг 2025 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Ром хотоос эхлүүлж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд өвлийн Олимпын нээлтийн ёслол болох Миланы Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд дуусгана. Энэхүү 63 хоногийн хугацаанд Италийн 60 хотыг дамнан 12 мянган км замыг туулах юм.


Харин Паралимпын галт бамбарын буухиа 2026 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 6-ны хооронд үргэлжлэх бөгөөд 2000 км замыг туулна.



Олимпын галыг 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Грекийн Олимпын тууринд асаах бол Паралимпын галыг 2026 оны хоёрдугаар сарын 24-нд Их Британийн Сток-Мандевилл сууринд асаах ажээ.


Олимп, Паралимпын гал нь Итали улс болоод италичуудын хувьд Олимп, Паралимпын өвлийн наадамд оролцох хүсэл тэмүүллийг бадрааж, спортод шинэ үеийнхнийг татан оролцуулж, тэдэнд урам зориг өгөх болно” гэж зохион байгуулах хорооны мэдэгдэлд дурджээ.


Манай хотуудаар үргэлжлэх галт бамбарын буухианы алхам бүр нь баяр хөөр, эргэцүүллийг авчирч, харилцан ойлголцлыг бэхжүүлж, саад тотгорыг арилгах спортын хүчийг бидэнд сануулах болно гэж тус хорооны дарга Жованни Малаго хэлсэн байна.

 


Холбоотой мэдээ