Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-11-28 18:01:48

БОГОТА, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /CNN/. Колумбын хууль сахиулагчдын удирдлага дор явуулсан мансууруулах бодистой тэмцэх олон улсын ажиллагааны явцад их хэмжээний кокаин тээвэрлэж байсан зургаан мансууруулах бодис тээвэрлэгч шумбагч онгоц”-ыг саатуулсан гэж Латин Америкийн тус улсын эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ.


Колумбын Тэнгисийн цэргийн хүчний ажиллагааны штабын дарга, дэд адмирал Орландо Энрике Грисалесийн хэлснээр, 62 улсыг хамарсан томоохон ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 14-ний хооронд 1400 гаруй тонн мансууруулах бодис хураан авсны ихэнх нь марихуан байжээ. Мөн 225 тонн кокаин хураан авсан бөгөөд үүний 5 тонныг нь Колумбаас Австрали руу мансууруулах бодис наймаалдаг далайн замаар явж байсан шумбагч онгоцноос илрүүлсэн байна.


Австралид хүрэхэд хангалттай хэмжээний түлштэй байсан уг хөлөг онгоцыг Номхон далайд саатуулсан бөгөөд тухайн маршрутын дагуу саатуулсан гурав дахь “шумбагч онгоц гэдгийг О.Грисалес сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний ярьснаар, эхнийхийг нь Колумбын усан бүсээс илрүүлсэн бөгөөд газрын зургийн тусламжтайгаар маршрутыг тодорхойлж, улмаар Австралийн эрх баригчидтай хамтран ажиллаж эхэлсэн байна.


Сүүлийн жилүүдэд мансууруулах бодис наймаалдаг олон улсын картелиуд "кокаины хэрэглээ нэмэгдэж, гудамжинд зардаг үнэ нь хамгийн өндөр байгаа үеийг ашиглан" Австралийг улам ихээр онилж байна. 


Эрх баригчид мансууруулах бодис тээвэрлэгч шумбагч онгоц”-ыг хураан авсан анхны тохиолдол энэ биш юм. 1990-ээд оны сүүлээр Колумбын картелиуд хууль бус ачаагаа АНУ руу тээвэрлэхийн тулд ийм төрлийн хөлөг онгоцуудыг ашиглаж эхэлсэн байна.


Нийт 225 тонн кокаин хураан авсан нь их хэмжээний мансууруулах бодис илрүүлсэн тохиолдол мөн. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны энэ оны тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн кокаины үйлдвэрлэл 2700 тонн болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.



Холбоотой мэдээ