Чад улс Францтай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-29 14:58:21

НЖАМЕНА, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /DW/. Чад улсаас Францын цэргүүдийг гаргах тухай шийдвэрээс үүдэн хуучин колоничлогч улстай байгуулсан батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээний үйлчлэлийг зогсоож байна гэж Төв Африкийн тус улс пүрэв гарагт мэдэгджээ.


Бүгд Найрамдах Чад Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улстай байгуулсан батлан ​​хамгаалах салбарын хэлэлцээрийг цуцлах шийдвэрээ ард түмэн болон олон улсад мэдэгдэж байна гэж Чад улсын Гадаад хэргийн сайд Абдераман Куламаллагийн Facebook хуудсаар дамжуулан хийсэн мэдэгдэлд дурдсан байна. Гэсэн хэдий ч А.Куламалла Франс Пресс агентлагт мэдээлэл өгөх үеэрээ, энэ бол Нижер болон бусад орон шиг Францтай харилцаагаа зогсоож буй явдал биш гэжээ.


Францын колониос гарч, тусгаар тогтносноос хойш 64 жилийн хугацаа өнгөрч буй энэ үед тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулахыг эрмэлзэж байгаагаа Чад улс мэдэгдсэн байна. Цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг зогсоох алхам нь бүс нутаг дахь лалын шашинт бүлэглэлийн эсрэг тэмцэлд барууныхны чухал холбоотон болох Чад улсын хувьд стратегийн түншлэлийн харилцаагаа дахин тодорхойлох боломжийг олгоно гэдгийг мөн нэмж дурджээ.


Өдгөө Францын 1000 орчим цэрэг Чадад байрлаж байгаа юм. Одоогоор Францын талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро тус улсад айлчилснаас хэдхэн цагийн дараа пүрэв гарагт дээрх мэдэгдлийг хийжээ.


Франц улс сүүлийн хоёр жилийн хугацаанд Баруун Африкийн гурван улс болох Мали, Нигер, Буркина-Фасод цэргийн эргэлт гарсны дараа цэргээ татахаас аргагүйд хүрсэн юм. Тэдгээрээс зарим улс нь Хятад, Оростой илүү нягт харилцаа тогтоохыг эрмэлзэж байна.


Сенегалын Ерөнхийлөгч Бассиру Диомай Фай пүрэв гарагт Францын телевизэд ярилцлага өгөх үеэрээ, Францын цэргүүд миний удирддаг улс оронд байх нь зохисгүй юм гэж хэлсэн нь Францын Африк дахь байр суурьд бас нэгэн цохилт болжээ.

 




Холбоотой мэдээ