ЗАВХАН: Малчид бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуй эрхлэх туршлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-29 13:35:08

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хангайн бүсийн түншлэлийн форум болж байна.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой түншлэлийн форумд 100 гаруй төлөөлөл оролцож байна.


Төслийн зорилтот Завхан, Архангай аймгийн 6 сумын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын төлөөллүүд оролцож байгаа юм. Төсөл хэрэгжих хугацаанд аймаг, сумдын ЗДТГ-аас төслийг хамтран хэрэгжүүлэх. Хамтарсан санхүүжилтийн хүрээнд бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуй эрхлэх чиглэлд малын чанар, үүлдрийг сайжруулах ажлыг хурга махлуулах туршлагатай хослуулан хэрэгжүүлсэн нь бодит үр дүнг өгчээ.


Богино хугацаанд хурганы амьдын жинг 40-50 кг-д хүргэж эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн байна. 


Мөн малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог цөөлөх урамшууллын тогтолцоог санаачлан хэрэгжүүлснээр төслийн бүс нутагт малын тоо сүүлийн 2 жилд 20 гаруй хувиар буурсан үр дүн гараад байгаа юм.


Бэлчээр тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд хадлангийн талбай, бууцны хөлд ногоон тэжээл тариалах, дарш бэлтгэх, дэвшилтэт шинэ технологи ашиглаж ажлын бүтээмж нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан хайчаар хонины ноос хяргах, ангилах практик сургалтуудыг энэ онд 2 суманд зохион байгуулсан байна.


Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг Тосонцэнгэл, Их-Уул, Эрдэнэхайрхан сумын малчны бүлэг, нөхөрлөл, малчдад үзүүлсэн зэрэг олон сайн туршлага Завхан аймагт байгаа юм. Төслийн дэмжлэгтэй сургалтад хамрагдсан Их-Уул сумын залуу малчин Шинэ Зеланд улсад хонины ноос хяргах 3 сарын цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдахаар шалгарчээ.


Өнөөдрийн байдлаар Завхан аймаг төслийн дэмжлэгээр малын гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Их-Уул суманд сүүний цех, Тосонцэнгэл суманд малын дотор мах боловсруулах үйлдвэрийг хамтарсан санхүүжилтээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Завхан аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих үйл ажиллагаанд оролцож

аймагт хэрэгжүүлж байгаа сайн туршлага, төслийн үр дүнг танилцуулав


“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрсэн үр дүнгүүдийг гэрэл зургаар үзүүлж, малчдын хоршоодын бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлжээ


“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот аймгууд болох Архангай,

Завхан аймгийн 6 суманд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг зурагт самбараар дэлгэн үзүүлжээ


Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь /ENSURE/ төслийн Завхан аймгийн зохицуулагч Х.Цэгмидзаяа төслийн төлөвлөлт, хүрсэн үр дүн онцлогийн талаар мэдээлэл өгөв

Холбоотой мэдээ