Кувейтийн байгаль хамгаалах төвийг Байгаль орчин, уур амьсгалын сантай нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-03 16:55:14

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар Кувейтийн байгаль хамгаалах төвд ажиллалаа.


Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, "Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2007 онд экологийн судалгаа шинжилгээ хийх төвийг манай улсад байгуулж өгсөн. Гэтэл өнөөдөр тэр газар үндсэн чиглэлийн бус амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Төрийн өмчит компаниудын реформын хүрээнд Кувейтийн байгаль хамгаалах төвийг Байгаль орчин, уур амьсгалын сантай нэгтгэнэ" гэдгийг мэдэгдэв.


БОУӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар нэгтгэх тухай дэмжиж, давхардсан чиг үүргийг арилгах, бүтээмжийг нэмэх шаардлагатайг хэлж байлаа.


Кувейтийн байгаль хамгаалах төв, Байгаль орчны уур амьсгалын санг нэгтгэснээр давхардсан чиг үүрэг арилна. Төрөөс төсөв авч үйл ажиллагаа явуулдаг байдал арилж бүтээмж нэмэгдэнэ. Иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгохоос эхлээд шаардлагатай судалгаа шинжилгээг хийнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлжээ.

 



Холбоотой мэдээ