SOHR: Сирийн босогчид давшилтаа үргэлжлүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүдтэй байлдаж буй босогчид тус улсын томоохон хот болох Хама руу давшиж байгаа тухай Сири дэх Хүний эрхийн байдлыг ажиглах төв /SOHR/ мэдээлэв.
Хама руу давшиж байгаа нь Башар Асадын дэглэмд учрах дарамт нэмэгдэнэ гэсэн үг гэж ажиглагчид дүгнэж байна.
Үүний сацуу Асадын холбоотнууд болох Орос, Иран улсууд босогчидтой тэмцэхэд нь түүнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдэгдэхдээ, Сирийн засгийн газар хүсэлт гаргасан тохиолдолд цэргээ Сирид илгээх асуудлыг хэлэлцэнэ гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сири дэх "террористуудын түрэмгийллийг" зогсоохыг уриалсныг РИА Новости агентлаг эш татан мэдээлжээ. Түүнчлэн Иракийн Ерөнхий сайд Шиа аль-Судани “бид Сирид болж буй үйл явдлыг зүгээр хараад суухгүй” гэж мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын хувьд, Сирийн зүүн нутагт хяналтаа тогтоогоод байгаа Сирийн ардчилсан хүчнийг (SDF) дэмжиж байгаа юм. Сирийн ардчилсан хүчний цэргүүд засгийн газрын хяналтад байсан долоон сууринг эзэлснээ өмнө нь мэдэгджээ.
Сирийн зүүн хойд нутаг дахь Ирактай залгаа хилийн бүсийг SDF-ийн цэргүүд хянаж байгаа нь Асадыг дэмждэг Ираны талыг баримтлагч бүс нутгийн бүлэглэлүүдийг зэвсгээр хангахад хүндрэл учруулж байгаа ажээ. Иранаас дэмжлэг авдаг Иракийн олон зуун цэрэг Сирийн засгийн газрын цэргүүдэд хүч нэмэхээр Сирийн хилийг давсан гэж "Ройтерс" агентлаг мэдээлсэн байна.