Жүдо, чөлөөтийнхний халз барилдаанд оролцох бөхчүүдийн нэр тодорч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан одоогоос 25 жилийн өмнө буюу 1999 онд жүдо болон чөлөөт бөхийн холбоотой хамтран халз барилдааныг зохион байгуулж байв.
Тэгвэл энэ сарын 15-нд жүдо, чөлөөтийн тамирчин үндэсний бөхөөр хайна халз барилдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах уг барилдаанд зодоглох бөхчүүдийн нэр эхнээсээ тодорч байна. Нэг багт улсын цолтой тав, аймгийн цолтой хоёр бөх байхаас гадна хөнгөн болон дунд жингийнхэнд хоорондоо халз барилдана.
“Хийморь”
төслийн хүрээнд чөлөөт, жүдогийнхны хайна хагалах халз барилдаанд өнөөдрийн байдлаар жүдогийн багт улсын заан
Б.Серик, начин Л.Отгонбаатар, аймгийн начин Б.Гончигсүрэн нар үндсэн
бүрэлдэхүүнд багтсан бол гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Э.Ариунболд, Ё.Басхүү
нар оролцоно. Жүдочдын багийг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар
дасгалжуулах аж.
Тэгвэл чөлөөт бөхийн багт улсын харцага Г.Ганхуяг, начин
Э.Батмагнай, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нараас гадна гавьяат тамирчин Т.Тулга, олон
улсын хэмжээний мастер З.Занабазар, О.Сүлдхүү нар багтлаа. Чөлөөт бөхийн багийн
дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баттулга ажиллана. Тасалбарыг ирэх
даваа гарагаас эхлэн худалдаалах аж.