Эрдэс баялгийн салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхий дахинаа нийгмийн гэрээ хэлэлцээрийг шинэ түвшинд гаргах тухай, ингэхдээ баялгаа бус хүнээ нэгдүгээрт тавьдаг болохыг уриалж байна.
Бид ч гэсэн энэ
уриалгын дагуу байгалийн баялгийг бус хүнээ эн тэргүүнд тавьж анхаарахын чухлыг МҮЭХ-ны дэд
ерөнхийлөгч Б.Рагчаа Монголын геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын
ажилтнуудын “Уурхай дахь хүн” зөвлөгөөний үеэр онцолсон юм.
Тэрбээр, “Манай улсын
хувьд нийгмийн хэлэлцээр хийхдээ Ерөнхий сайд ахалж, салбарын сайд нараа
байлцуулаад, МҮЭХ хамтдаа нэг ширээний ард суудаг болсноороо нийгмийн түншлэлүүдийн
хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэ шатанд гаргасан. Тухайлбал, уул уурхайн
салбарын уртын ээлж буюу 14х14 хоногийг богиносгох саналыг уурхайчид гаргасан. Учир
нь энэ бол маш олон сөрөг үр дагавартай байсныг хуулиар зохицуулсан ч амьдрал дээр хэрэгжүүлэхэд анхаарах ёстой”-г хэлж байлаа.
Монгол Улсын төсвийн орлогын дийлэнхийг, ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар бүтээдэг. Энэ салбарт цалингийн зохистой харилцаа байгаа эсэх тухай зөвлөгөөний үеэр хөндөж байв. Тодруулбал, манай улсын уул уурхайн салбарын дундаж цалин 5.6 сая төгрөг байгааг АНУ-ынхтай харьцуулахад 3-5 дахин бага боловч гаргаж буй бүтээгдэхүн нь дэлхийн жишигт нийцэж байгаа гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байв.
Түүнчлэн, МҮЭХ сүүлийн
3 жилд “Монголдоо сайхан амьдаръя” уриа гаргаад байгаа. Учир нь хөдөлмөрийн зах
зээлийн эрэлт нийлүүлэлийн зохистой зах зээл алдагдсанаас бүх салбарт боловсон
хүчин хомсдолтой байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотойг Б.Рагчаа тодотгоод
энэхүү үнэлэмжийг нэмэхийн төлөө ажиллаж байгаагаа дурдлаа.
“Уурхай дахь хүн” зөвлөгөөнөөр эрдэс баялгийн салбарын ажилтнуудын өмнө тулгамдаж буй бодит асуудлыг төр засаг болон олон нийтэд хүргэж, гарц шийдлийг эрэлхийлэх, салбар дахь нийгмийн түншлэлийг хөгжүүлэхийг зорьжээ.