ХОВД: Угсаатны хувцсыг музейд хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-06 17:33:50

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болсон Ховд аймагт захчин, дөрвөд, торгууд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Эдгээр угсаатны хувцас нь өөр өөрийн дахин давтагдашгүй онцлог, бэлгэдлийг агуулдаг. 

Иймээс угсаатны дээл хувцас, эд хэрэглэлийг олон нийтэд сурталчлах, музейн үзмэрийг нэмэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг Ховдынхон үе шаттай зохион байгуулж байна.

Энэ удаа Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас урианхай, халх, захчин, өөлд, тува, торгууд, мянгад, дөрвөд гэсэн найман угсаатны хос хувцсыг Ховд аймгийн музейд хүлээлгэн өглөө. 


Эдгээр хувцсыг 13.5 сая төгрөгийн санхүүжилтээр “Бум ундрах” оёдлын үйлдвэрийн хамт олон урлажээ.


Ховд аймгийн музейд 3000 гаруй үзмэр бий. Үүний дотор өв соёл, угсаатны онцлог, хувцас, гоёл чимэглэлтэй холбоотой 500 гаруй үзмэр байдаг.  

Холбоотой мэдээ