А.Меркелийн ном оны хамгийн амжилттай номоор тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /DW/. Германы Канцлер асан Ангела Меркелийн дурсамж ном Германд энэ оны хамгийн амжилттай номоор тодорсныг уг ном худалдаанд гарснаас хойш ердөө долоо хоногийн дараа мониторингийн албанаас онцолжээ.
“Freedom: Memoirs 1954-2021” гэдэг нэртэй ном нь коммунист засаглалтай Зүүн Германд өнгөрүүлсэн Канцлер асны хүүхэд нас, Христийн Ардчилсан холбоо /CDU/ нам дахь
улс төрийн замнал, Германы анхны эмэгтэй Канцлераар сонгогдож 16 жилийн турш уг албыг хашсан үеийн талаар өгүүлдэг.
“Media
Control” дүн шинжилгээний фирмээс пүрэв гарагт мэдээлснээр, А.Меркель болон түүний зөвлөхөөр олон жил ажилласан Биат Бауман нарын хамтран бичсэн 736 хуудас бүхий ном нь шилдэг борлуулалттай номуудын жагсаалтыг тэргүүлсээр байгаа бөгөөд хэдийнэ 200 мянга гаруй хувь борлогдсон байна.
“Энэ оны хувьд өөр ямар ч ном худалдаанд гармагцаа
ийм өндөр борлуулалттай байгаагүй” гэж “Media Control”-ын захирал
Улрике Алтиг хэллээ. Тус фирмийн
тайланд худалдан авагчдыг нас, хүйсээр ангилж үзэхэд эрэгтэй,
эмэгтэй хүмүүс болон бүх насныхны хувьд харьцангуй жигд үзүүлэлттэй байжээ.
Өнгөрсөн долоо хоногт А.Меркель номынхоо нээлтийг Берлин хот дахь 600 хүний суудалтай Deutsches театрт хийж, дараа нь номоо
сурталчлахаар Европ, АНУ-аар аялахаар замд гарсан байна. Вашингтонд болсон
номын нээлтэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама ирсэн бөгөөд түүний талаар Канцлерын номонд магтан бичжээ.
Гэхдээ уг ном
нь нэлээд өндөр буюу 42 еврогийн /44 ам.доллар/ үнэтэй боловч дэлхий дахинд одоо өрнөж байгаа, мөн цаашид өрнөх
үйл явдлуудын талаар тун бага тусгасан гэх шүүмжлэлд өртөөд байна.