Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-09 14:17:05

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны аравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.


Улс орнуудын удирдагчид 2003 онд Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нэгдэн, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулжээ. Өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхаглав. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэхээр тогтжээ.


Харин манай улс Авлигын эсрэг олон улсын өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд эл өдрийг “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Конвенцод тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой юм.


Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хүүхэд багачууд, оюутан залууст шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг ухуулан, таниулах, уриалах контент бэлтгэн түгээх, авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж, өргөн хүрээнд тэмдэглэж иржээ.

Холбоотой мэдээ