ЗАВХАН: Аудитаас төсвийг хэт үрэлгэн гэж дүгнэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арванхоёрдугаар
сарын 9 /МОНЦАМЭ/. Орон нутгийн 2025 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын
төсвийг хууль, журамд нийцээгүй, нэг удаагийн арга хэмжээний зардалд
зарцуулахаар хэт үрэлгэн төлөвлөсөн байна гэж аудитаас дүгнэжээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар Завхан аймгийн 2025 оны төсвийн нийт зарлагыг 99,390.5 сая төгрөгөөр баталжээ.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс
17,294.8 сая төгрөг. Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс 53,224.5 сая
төгрөг. Орон нутгийн татварын болон татварын бус орлогоос 28,871.3 сая
төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан байна.
Завхан аймгийн 2025 оны төсвийн төсөлд орон нутгийн төсвийн урсгал зардлыг Сангийн яамны хянасан дүнгээс 12,745.9 сая төгрөгөөр бууруулж төлөвлөсөн боловч зарим урсгал зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн хөрөнгө оруулалт, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хууль, журмын шаардлага хангаагүй.
Хөрөнгө оруулалтын чиг үүрэгт хамаарахгүй 66 төсөл арга хэмжээнд 7.830.2 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.
Мөн их засварын зардлаас 2,467.3 сая төгрөгийн 11 төсөл арга хэмжээг, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 17 сая төгрөгийн нэг төсөл арга хэмжээг зориулалт бусаар төлөвлөсөн байна.
Аудитаар орон нутгийн татварын орлогыг дөрвөн нэр төрөлд 846.3 сая төгрөгөөр, татварын бус орлогыг 156 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байна гэж дүгнэжээ.
Орон нутгийн төсвийн орлогыг зургаан нэр төрөлд 1,002.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх болон урсгал зардлыг 1,275.5 сая төгрөгөөр бууруулах. Төсвийн үр ашгийг 10,314.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн.
Аймгийн ИТХ-ын нэг заалт зөвлөмж, аймгийн Засаг даргад зургаан заалт зөвлөмж өгсөн байна гэж Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээлэв.