Эрдмийн хүүгээ их тал нутаг нь тосму
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛНэгэн зуун илүү жилийн нас намтартай
монголын шинжлэх ухааны байгууллагын хэл бичгийн салбараас нь Б.Ринчен (1961), Ш.Лувсанвандан (1961),
Ц.Дамдинсүрэн (1961), А.Лувсандэндэв (1991), П.Хорлоо
(1991), Д.Цэрэнсодном (1998), Д.Төмөртогоо
(1998), Х.Сампилдэндэв /2002/, Л.Болд (2006) нарын есөн академич төрөн гарсан байдаг. Тэдгээрээс
эдүгээ цагт гурав нь энх эрүүл байж, эрдмийн туурвилаа үргэлжлүүлсээр байлаа. Академич
Д.Цэрэнсодномыг өнгөрөгч пүрэв гарагт тэнгэрт хальсан тухай харамсалтай мэдээ Хэлний
бодлогын үндэсний зөвлөлийн хорин жилийн ойтой таширлан түгсэн. Ийнхүү хэл
бичгийн ухааны өнөө цагийн тулгын гурван чулууны нэг туйвлаа гэсэн үг. Мөн
өдөр, түүнийг Богдын ордны баруунаах өргөөнөө, үүр шөнө хагацахын өмнө дүрсний
лагшнаа номын агаарт хураасан тухай ус нутгийн нь сэтгүүлч мэдээлсэн байхыг үдийн
өмнө нийтийн мэдээллийн талбараас анзаарч үзэв...
Олон хүн түүнийг Цэсо л гэдэг. Хүмүүнийх нь ёс чанар, эрдмийн дээдэд аваачсан академич хүртэлх алдар нэр, их абугайлал хүндэтгэл, ах захаа өргөмжлөх ёс өвч шингэмэл юм, энэ товчлол нэрэнд. Охин Хадаа, хүү Сүмбэр... гурван хүүхэд нь эрхбиш аав гэж дууддаг буй заа.
Монголын шинжлэх ухаан нэг
академичаараа, хэл бичгийн салбар нь оргил эрдэмтнээрээ дутаж, багагүй орон зай
онгойж үлдэв. Тийм ээ. Эрдэмтэн мэргэд цагийн цагт цөөнгүй төрж тодордог нь жам
боловч шинжлэх ухааны хатуу шалгуурт яван чангарч, болд илд мэт давтуулж
хатаагдсан, нэгэн жаран үлэх жил номд цагааширч, нүдэндээ үүл суутал судар шастир
шагайлсан буурал эрдэмтний заяа замнал эргээд давтагдахгүй. Улс түмэнд мөнгө
санхүү юу юунаас чухал, түүгээр гачигдаж дутагдаж байна хэмээн шалтаглах олонтаа
ч үнэндээ эх орон, түүний хөгжил дэвшлийн түүчээ болсон оюун эрдмийн ай салбар эрдэмтнээрээ,
хүнээрээ л дутдаг. Дахиад ийм академичтай болтол наанадаж жарны хагас, цаанадаа
зууны талыг үрэх барах болюу.
Одоогоос хоёр жилийн өмнө болов уу. Д.Цэрэнсодном академич нэгэн этгээд гэмээр номын баяр-мэргэдийн уулзалтыг санаачлан хийж, “Соён гэгээрүүлэгч” суваг түүнийг нь дамжуулахыг харсан юм. Тэр нь “Эх хэл бичиг” сэтгүүлийн хаалтын ёслол” гэсэн нэртэй байсан учраас этгээд хачин сонсдож байсан сан. Буурал эрдэмтэн бээр өөрөө санаачилсан сайхь сэтгүүлээ цөөнгүй жил тэтгэврийн хэдээсээ илүүчлэн байж, бас бус элгэн сэтгэлтэй байгууллага, хүмүүсийн дэмээр зардал сүйтгэлийг нь бүрдүүлэн, дугаар таслалгүй хэвлүүлсээр хэдийнэ салбарынхны танил дотно, шинэ дугаарыг нь хүсэн хүлээдэг, олж авч чадалгүй өнгөрөөсөн хүн харамсахуйц хэвлэл болгож чадсан юм. Энэ нь сэтгүүлийн эрхлэгчийн менежмент яггүй гэдгийг нотолно. Гэтэл тодорхой цаг хугацаа туулаад, ерөнхий эрхлэгч эрдэмтэн маань ч насан өндөр болсных биз, тэрбээр сэтгүүлээ “хаахаар” шийдэн, хэл бичгийн салбарынхаа тодорхой хүмүүст зар занги түгээн, дээрх нэртэй ёслолыг өөрийнхөө санаснаар гүйцэлдүүлсэн учиртай байнам. “Эх хэл бичиг” сэтгүүл хаагдаж байгаа юм уу, одоо яанам билээ, энэ аятайхан сэтгүүлийг зогсоож болохгүй бус уу, бид санхүүжүүлье” гэж санамсар сонорт нь сэрхийлгэм тийм мэдрэмж менежментээр тэрбээр уул ёслолыг зориудлан хийж, цаашид сэтгүүлээ аваад явах эзэнтэй, хөрөнгө сүйтгэлийг нь гаргах баталгаатай болгож үлдээх гэсэн зорилго нь тодорхой.
Улирал тутмын энэ сэтгүүлээ тэрбээр
2012 оны 11 сарын 22-ны өдөр нээж байсан бол дөчин дугаараа бүрэн гаргаад арван
жилийн дараа, дээр дурдсан “хаалтын” ёслол болжээ. Миний мэдэхээр, тэр
“хаалтын” хурал дээр мөнхүү сэтгүүлийг яасан ч хаах учиргүйг тал бүрээс нь
ярьсан бөгөөд бурхан болоочийн үндсэн ажлын газар буюу Хэл зохиолын хүрээлэн
сэтгүүлийг эрхлээд, санхүү сүйтгэлийг хариуцаад аваад явж болно гэж
Ж.Бат-Ирээдүй захирал нь буян амлаж буй харагдсан. Харин өнөөдөр “Эх хэл бичиг”
сэтгүүл сэргээгүй хэвээр бөгөөд үүнд тодорхой шалтгаан байгаа бололтой.
Цэсо академич бүтэн жаран илүү жил
ШУА-даа үнэнч, тууштай ажиллажээ. Энэ түүх давтагдахад бэрх буй заа. Тэрбээр
нэгэн удаа доорх зүйлийг ярихыг үүнийг бичигч биеэр сонссон. “Миний
хөдөлмөрийн дэвтэрт “1962 онд МУИС төгсөөд Хэл зохиолын хүрээлэнд ажилд оров”
гэсэн нэг л өгүүлбэр байдаг юм. Их сургууль маань намайг багшаар ажиллуулахаар
нэг бус удаа шалж, гуйж байсан. Би тэр болгонд нэг л хариу хэлдэг юм. “Би
хөдөлмөрийн дэвтэр дээрх ганц өгүүлбэрээ хоёр болгомооргүй байна” гэсэн
хариулт.
Ардын аман зохиол, бурхны шашны уран
зохиол, “Монголын нууц товчоо”, “Турфан судлал”-аар академич Д.Цэрэнсодном олон
улсын монгол судлалд нэрээ тод үлдээж чадсан, тал бүрийн мэдлэг ухаантай
эрдэмтэн явжээ. Тэрбээр 2015 онд Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн алтан
медалиар шагнуулсан хоёр дахь монгол хүн болсон түүхтэй байнам. Эхний алтан
медалийг билгүүн номч Б.Ринчен багш нь эх орондоо авчирч бахархуулсныг дурдах
нь бараг илүүц болов уу. Нэрд гарсан хүнээ цагийн жамаар болоод цагийн бусаар
алдах цагтаа, эсвэл эзэн их хааныхаа алдар нэртэй “Чингис хаан” одонг хүртэх
үед нь л тэдгээр эрхэм хүмүүсээ сая тугаар анзаарч, чухам хэн болохыг нь зохих
хэмжээнд мэдэж мэдэрдэг болсон гэхэд энэ цагт бол хилсдэхгүй. Тийм ч учраас ойрх
өдрүүдэд буурал эрдэмтний тухайд амьд аху үеийнхээс нь илүү сортоотой мэдрэмж амилж,
үнэтэй мэдээлэл хөврөх болсон нь жишиг буй заа. Хожуудсан магтаал, тэнгэр
болоочийн тухайт өөрөө үл сонсох цагийн өргөмж хүндлэл тааламжтай үйлс байдаггүй.
Гэхдээ үнэнийг бол тодолж байх тусам л үнэ цэнээ олдог.
Академичийн амьд ахуйн сүүлийн яриа
хөөрөлдөөн, дүрс бичлэгийг монголын хэвлэл мэдээллийн ууган бөгөөд буурьтай
байгууллага МОНЦАМЭ агентлаг цагаан цааснаа буулгаж, цахим хальснаа давхар
бичиглэж, дэлхийн хэлээр дуун хөрвүүлж, цаг хугацааны аванхайллаас урьтаж мэдэрсэн
нь сэтгэл өегшүүлж байна. Хөх луу жилийн намрын налгар цагаар МОНЦАМЭ-гийн
сэтгүүлч Б.Хандмааг академич өтгөс бээр номын өргөөндөө хүлээж авч, налайж тухалж
суугаад ярилцсан нь сүүлчийнх болжээ. Аман түүх, өөрөө өчсөн үг, түүхэн
хүмүүний сүүлчийн юм болгон үнэ цэнийн агууламж арвинтай байдаг билээ.
Мөнөөхөн манай сэтгүүлч Б.Хандмаа “Хүмүүн бичиг” сонинд ажиллаж ахуйдаа редакцийн даалгавраар, одоогоос арав илүү жилийн өмнө түүнтэй анх уулзаж, үндэсний бичгийн сэдвийг голлож хөөрөлдсөн нь сонины хуудаснаа шарлангуй өнгийг олж, хуучрангуй болсон мөртлөө цаасан хэвлэлиийн үнэ цэнийг улмаа тодолж өгч байна. Тэр хөөрөлдөөний үеэр, тулхтай эрдэмтэн Д.Цэрэнсодном 1990-ээд оны эхээр Улсын Бага Хурлаар монгол бичгийн асуудлыг хэлэлцэх үед, “Би бол гуч дөчин жил монгол бичгээр судалгаа хийж байгаа хүн” гэж үгээ эхлээд, “Уух цайтай, зуурах гурилтай болж байгаад монгол бичигтээ орохоо шийдэж болно” гэж хэлээд, Бага Хурлын тэдгээр нөхөд, босоо монголоор ерөөсөө одоогийн ярьдгаараа бичдэг болбол яадаг юм бэ гэхэд нь, “За ёстой тэгж л тэнэгтэж болохгүй шүү” гэж хэлчхээд гарч явсан нь их давалгаат үйлсийг сааруулахад нөлөөлсөн учиртайг ил гаргаж, цагийн юм цагтаа байдгийн учир өөрийн гишгэсэн мөрийг эргэж харж, бичиг соёлоо дэлгэрүүлэх үйлд шамдах болсноо илэрхийлсэн байдаг /Б.Хандмаа ”Монгол соёлын амин хэлхээ” ном. Уб., 2019. 297-р тал/.
Эдүгээ тасалдаад буй өнөөх “Эх хэл
бичиг” сэтгүүл нь түүний үндэсний бичиг соёл юугаан хэмээх цагаатгал үйлсийн нь
талбар индэр байж, дугаар болгондоо монгол бичгийн хичээл нийтэлж ирснийг
уншигчид нь мартахгүй. Хоёр түм долоон мянган үгтэй монгол бичгийн зөв бичих
зүйн толь бичгээ гаргаад удаагүй буудуулсан Б.Шагж багшийн толийг хэвлүүлж
хураасан номын буян бас буй. Эх соёл юугаан хэмээх бодол ухааралтай эрдэмтэн
хүний буурь тулх ийм буюу. Зөв явах, насан зүгийнхээ тийш зөв дөтлөх, биеэр үлгэрлэх
ийм мэдрэмж эдүгээ цагийн манай хэл бичгийн зарим эрдэмтдэд дутагдаж буйг
үүгээр нь үлгэр болгон сануулахад илүүц болохгүй гэж санана.
Улирагч зууны эхэнд байсан номч мэргэд
маань эх хэл, бичгээсээ гадна манж, төвөд, самгарди, нанхиад зэрэг дорнын номт
гүрнүүдийн хэл бичигт түвшин сацуу нэвтэрсэн хагархайяа, хэтийдэж цолгорсон
хүмүүс байж, тэд дуун ухаан хэмээгдэх хэлний шинжлэл, учир шалтгааны ухаан
болох шалгадаг ухаан, урлахуй ухаан, дотоод утгын буюу бурхны шашны гүн ухаан,
тэжээхүйн ухаан буюу энэлсэн эбэдсэнийг /өвдсөн. Б.Э/ илаарь болгож анагаах, амуулах
ухааныг эн тэгш судлан, өөрсдийн оюун эрдмийн үндсэн бүтээл юүгээн тэдгээр олон
тулгуурт ухаанд суурилан бат нуттай туурвиж байсан жишигтэй. Өдгөө цагт тийнхүү
их, бага арван ухааны зах зухаас хэлтэлж, хэл бичгийн ухаанд нь өөрийн зам
мөрийг хэр барагтай арилж алга болохооргүй гарган, урдах үеэ уламжилж, өөрийн
үеэ өргөж, хойдох үедээ дуурайл болж чадсан эрдэмтэн манай хэл бичгийн салбарт
гэмээнэ Д.Цэрэнсодном академичаар шувтарч байгаа юм биш биз...
... Эрдэмтэн докторуудынхаа тоогоор
аймагтаа тэргүүлдэг Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Арбулаг хэмээх газар
буюу төрсөн тоонот нь модон луу жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн
эхний арга, билгийн хоёр тоолол ес дээр давхацсан энэ содон өдөр, наян найман
жилийн тэртээ хүйгээ үлдээгээд номын жинд явсан эрдмийн хүүгээ хөрст зөөлхөн
шороондоо эгүүлэн тосож авч байна. Академич өтгөсийн эрдэнэ цогцыг тээсэн жип
машин утаан суунагтаа мануурсан улсын нийслэлээс ням гарагт шуурхайлан хөдөлсөн
бөгөөд өдөржин, шөнөжин аажуухан залсаар өглөө манагаар тэнд хүрэх ажгуу.
Унаган хүлэг нь удмын шандастай төрдөг, хүн зон нь эрдмийн бэрхэд ухаан хурцтай заяадаг уужуу их тал нутгийн хүү юм, тэр.
Б.Элбэгзаяа-МУСГЗ