СҮХБААТАР: Цагдаагийн газрын 50 орчим хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны
арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 50 орчим хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг. Мөн энэ онд олон шинэ залуу ахлагчаар эгнээгээ тэлжээ.
Тэдний нэг бол шүүхийн харуулын цагдаа,
цагдаагийн дэд ахлагч Н.Мөнхбаяр юм. Багын мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн байгууллагын сүр хүчит туган
дор үе үеийн ахлагч нартайгаа мөр зэрэгцэн
алхаж буйдаа баяртай байгаагаа хэлж, цагдаагийн албаараа бахархдаг гэлээ.
Мөн тэрээр
жил бүрийн 12 дугаар сарын 10-нд
тохиодог анхны ахлагчийн өдрөө тэмдэглэв.
Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн баярын хурлаа хийж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг цагдаагийн байгууллага болон
аймаг, сумын шагналаар шагналаа. Мөн цагдаагийн байгууллагын
гол хүч болсон ахлагч бүрэлдэхүүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх хүрээнд асуудлаа хэлэлцэж тодорхой шийдэл, дүгнэлтийг гаргах хэлэлцүүлгийг өрнүүлж, гарсан дүгнэлтийг холбогдох хүмүүст уламжлахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2024 оныг “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Ахлагч хөгжлийн төв”-ийг тэд өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулснаар ахлагч нар чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байдаг. Уг ажил нь улсдаа анхлагч болсон гэдгээрээ онцлог билээ. Ахлагчид өнөөдрийн тэмдэглэлт өдрөө энэхүү төвдөө олон төрлийн уралдаан тэмцээнээр үргэлжлүүлж байна.