ОРХОН: Өнөөдөр Эрдэнэт хотын өдөр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Эрдэнэт хотын өдөр.
Анх Эрдэнэт хотыг барьж байгуулахад Зөвлөлтийн 1500 орчим ажилчин, 500 гаруй инженер, техникчид ажилласны дээр барилгын 600 машин, 73 экскаватор, 59 бульдизер, 31 цамхагт кран, өөрөө буулгагч 211 автобус, АН-2 онгоц хоёр ажиллаж байсан тухай түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлджээ.
1974 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тухайн үеийн "Медьмолибденстрой" барилгын удирдах газрын дэргэд барилгын мэргэжлийн сургууль комбинат байгуулж, 1975-1977 онд 9112 хүнийг барилгын 37 төрөл мэргэжлээр сургасны үр дүнд одоогийн Орхон аймаг, Эрдэнэт хот бий болсон юм. 1978 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар "Медьмолибденстрой" барилгын удирдах газарт 3700 гаруй монгол иргэн ажиллаж байжээ.
Эдүгээ Эрдэнэт хот өргөжин тэлж 109800 гаруй хүн амтай болж, үүнээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т 7200 гаруй уурхайчин ажиллаж байна.
Эрдэнэт хот байгуулагдсан өдрийг Орхон аймгийн иргэд 2017 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд уг өдрийг тохиолдуулан иргэддээ чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр аймгийн удирдлагууд ЕБС-ын сурагчдад Эрдэнэт хотын түүхийн хичээл орохоос гадна Жаргалант суманд төрийн албан хаагчдад зориулан барьсан 30 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа болох юм.
Мөн хотын тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Орхон аймгийн Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөдөг уламжлалтай. Аймгийн хэмжээнд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний орон нутгийн өмчит, төрийн тусгай чиг үүргийн 115 байгууллагад нийт 6173 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд төрийн захиргааны 5 байгууллагын 8 төрийн албан хаагч тангараг өргөлөө.