Хариуцлагатай бизнесийг дэмжихэд залуус, ХМХ-ийн оролцоо чухал байгааг онцоллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын Холбоо хамтран хариуцлагатай бизнесийн төлөөх залуус, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх санаачилгыг эхлүүлээд байна
Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус, хэвлэл мэдээллийн төлөөллийг "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид” хэмээн нэрлэж, ийм нэртэй төслийг хэрэгжүүлж буйг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж буй Олон улсын хүний эрхийн өдрөөр НҮБ-ын байранд зохион байгуулсан форумын үеэр танилцууллаа.
Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх санаачилга төсөл нь бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрх болон байгаль орчны хамгааллыг шинэлэг арга барилаар түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол, Малайз, Индонез болон Тайланд улсад хэрэгжиж байна.
“Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, хүндлэх, сэргээх
механизмаар дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих нь” үйл ажиллагаа нь Азийн бүсийн
хөтөлбөртэй уялдаж байгааг өнөөдөр форумын үеэр онцоллоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа нь дан ганц ёс зүй төдийгүй, тогтвортой хөгжилд чиглэсэн томоохон алхам юм. Энэхүү төслөөр дамжуулан бид залуучууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг хүний эрх, байгаль орчны олон улсын стандарт, хэм хэмжээнд нийцүүлэхээр зорьж байна” гэв.
Санаачилгын талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните хэлэхдээ, “Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү санаачилга нь хүний эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бидний хамтын хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг юм. Залуус, хэвлэл мэдээллийн чадавхыг бэхжүүлснээр бид бизнесийн үйл ажиллагаанд бодит өөрчлөлтийг бий болгох боловсон хүчнийг бэлтгэж байна” гэв.