Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-11 15:05:20

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд, дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газрын талаар танилцуулж, ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээлийг баталгаажуулах улс төрийн тогтвортой байдал бүрдэж, Монгол Улс хөгжил дэвшлийн гараан дээр ирснийг тэмдэглэв. Тэрбээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд хэрэгжүүлсэн харилцан айлчлалаар бататгасан ураны төсөл гэдгийг дурдаж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээ УИХ Цөмийн энергийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байгааг тодотгов.


Монгол, Францын хамтарсан ураны төсөл зөвхөн хоёр орны эдийн засагт төдийгүй Европын Холбооны улсуудын эрчим хүчний салбарт ач холбогдолтойг УИХ-ын дэд дарга онцлоод, тус улсуудын Элчин сайд нар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн манай хөрш ОХУ, БНХАУ тус төслийн талаар нааштай хандлагатай байгааг дурдаад, УИХ төслийн гэрээг энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахыг танилцуулсан юм.


Элчин сайд Коринн Пэрера да Силва хоёр улсын хамтарсан ураны төсөл бол Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг урагшлуулах, бие даасан байдлыг бэхжүүлэхэд ач холбогдолтойг онцолж, хоёр талын хамтын ажиллагаа улам эрчимтэй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, УИХ Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх үед үндэсний хиймэл дагуулын төслийн төсвийг хойшлуулж байгаа ч энэ чухал төсөл хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээв.


Монгол-Францын хамтарсан ураны төсөл хэрхэн хэрэгжихийг Европын Холбооны улсуудын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгааг Элчин сайд Ина Марчюлёните тэмдэглээд, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг гүүр нь энэ төсөл хэмээв. Мөн тэрбээр 2025 онд Монгол, Европын бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа танилцуулж, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж тэмдэглэснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.

Холбоотой мэдээ