Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанаар
8 хууль, УИХ-ын тогтоолын 4 төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Зөрчлийн тухай хуулийн
зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах
саналыг дэмжсэн тул Үндэсний
баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах
тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн
өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зургаан хуулийн төсөл болон “Засгийн
газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”,
“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн
тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 4 тогтоолын төслийн анхны
хэлэлцүүлгээр олонхын дэмжлэгийг авсан зарчмын зөрүүтэй саналыг хууль, тогтоолын төсөлд нэмж тусгасан
эцсийн хувилбарыг бэлтгэснийг Байнгын хорооны дарга танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төсвийн зарлагыг ДНБ-ий 30 гаруй хувиар хязгаарласан атлаа нэг салбарын хөгжлийг ДНБ-ий хувьд хүргэхээр шийдэх нь
бусад салбар хоорондын хөгжлийн тэнцвэр алдагдах үр дагавартай, хөрөнгө
оруулалтыг үр дүнтэй урагшлуулах саналд дахин аудит хийх санал оруулах нь ажлын
хэсгийн үзэл баримтлалтай зөрж байгаа
санал гаргалаа.
Ингээд "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гаргасан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Үүрийнтуяагийн дэмжигдсэн саналаар дахин санал хураах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжжээ. Иймд “Боловсролын салбарт зарцуулах төсвийг нэмэх, НҮБ-аа гаргасан Тогтвортой хөгжлийн зорилго 2030, Боловсрол 2030, Инчоны тунхаглалын зорилтыг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгамжийг сайжруулах, багш, ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг шинэчлэн тогтоох, цалин хөлсийг тооцох шинэ аргачлал нэвтрүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахаар 2026 оны төсвийн жилээс эхлэн боловсролын салбарын төсвийн зардлыг ДНБ-ий 6 хувиас багагүй эсвэл улсын төсвийн зардлын 18 хувиас багагүй байхаар тооцон боловсруулж, өргөн барих, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн зардлыг холбогдох хуулийн дагуу дараа жилийн төсөвт суулгаж өгөхийг Засгийн газарт даалгах” УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн санал болон “2025 оны улсын төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, төсөвт өртгийг тооцож, магадлал хийх эрх бүхий этгээдүүдийн үйл ажиллагаа холбогдох хуулийн хүрээнд шударга явж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгаж, үр дүнг 2025 оны эхний хагас жилд багтаан УИХ-д танилцуулах” гэж өөрчлөх УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн саналаар дахин санал хураахад, гишүүдийн олонх дэмжээгүй аж.
УИХ-ын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуульд заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын
томьёоллоор санал хураасныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.