ЗАВХАН: Музейн үнэт үзмэрүүдийг таниулах үйл ажиллагаанд 6300 гаруй хүн оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ. Завхан аймгийн музей энэ
жил үнэт үзмэрүүд, монголын өв соёл, түүхийн дурсгалуудыг таниулах үйл
ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 6300 гаруй хүүхэд залуучууд
иргэд оролцжээ.
Тус музей нь 1924 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улиастай хотын Гэсэр сүмд "Үзэсгэлэнгийн хороо" нэртэйгээр анх үүд хаалгаа нээж байсан түүхтэй, Монголын ууган музейн нэг юм. Энэ жил 100 жилийн ойн хүрээнд олон нийтэд зориулсан 20 үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Музейн сан хөмрөгт түүх, соёлын ач холбогдол бүхий 10600 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа бөгөөд Орон нутаг судлах музей, Алдартны музей гэсэн хоёр төрөлжсөн музейд үйл ажиллагаа явуулж байна.
Алдартнуудын танхимд хадгалагдаж буй Дилов хутагт Баашлуугийн Жамсранжавын цагаатгалын үнэмлэх
Дилов хутагт Жамсранжав нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ. Тэрээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг бөгөөд 1960 онд Монгол Улсыг НҮБ-д элсэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын орчин цагийн ууган хоёр Музейн нэг болсон түүхийг бүтээгчид өдгөө тус нутгийн түүхийн гэрч болсон архивыг хадгалан хамгаалж, соён гэгээрүүлэх ажлаа тасралтгүй явуулж байна.
Завхан аймгийн музейд 26 дэсийн 171 судар хадгалагдаж байна.
Эдгээр судраас түүх соёлын ховор нь Жадамба судар юм. Энэ судрыг Далайнчойнхор вангийн хошууны уран дархчууд болох бурхан
урлаач Балжиннямын Гүрбадам, Уран Чоймбол нар XX зуунд бүтээжээ.