БУЛГАН: 142 уншигчид 579 номыг зөөврөөр олгож үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-13 18:10:16

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган сумын хэмжээнд зохион байгуулсан "Өглөөний уншлага" аяны шилдэг "Тэргүүний уншигч байгууллага"-аар Булган сумын 3-р цэцэрлэг,  Булган сумын Ханжаргалант худалдааны төв шалгарсан бол "Тэргүүний уншигч" ажилтнаар 3-р цэцэрлэгийн үйлчлэгч Б.Цолмонжавхаа Ханжаргалант худалдааны төв, хувиараа бизнес эрхлэгч С.Отгон нар өглөөний цагаа ном уншихад зориулж байна.  


“Өглөөний уншлага” жилийн аяныг насанд хүрэгчдийг номтой нөхөрлүүлэх, ном унших дадал хэвшлийг нэмэгдүүлэх, албан байгууллагуудад зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор эхлүүлсэн. Тус аянд Авто тээвэр, Тагнуулын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлэг, Спортын сургууль, ЭБЦТС ТӨХК, Татварын алба, Нийгмийн даатгал, 1, 2, 3, 4, 7-р цэцэрлэг, Ханжаргалант худалдааны төв нийт 15 байгууллагын 142 уншигчид 579 номыг зөөврөөр олгож үйлчилсэн байна.

 

Мөн “Уншигч гэр бүл” аяныг 2024 онд анх удаа зохион байгуулж, 15 гэр бүлийн 45 уншигч 28 удаа гэр бүлийн уншлагад хамрагдсан байна. Энэ аяны үеэр шинэ номын үзэсгэлэн гаргаж, "Номын богц”, “Уншигч гэр бүл уулзалт”, “Угийн бичиг хөтлөх сургалт”, “Компьютерийн сургалт”, “Аман зохиолын тэмцээн”-д тус тус хамруулсан байна.


Гэр бүлийн уншлага хүүхдүүдэд илүү таалагдсан, тэднийг уншлагад манлайлан оролцоход чиглүүлсэн үр өгөөжтэй ажил болсныг багш эцэг эхчүүд ярьж байна.









Холбоотой мэдээ