“Astro Bot” оны шилдэг видео тоглоомоор шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-14 09:29:03

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /AFP/. Гэр бүлээрээ хамтдаа тоглох боломжтой шинжлэх ухааны уран зөгнөлт, адал явдалт Astro Bot видео тоглоом цахим энтертайнмент салбарын Оскар” гэгддэг The Game Awards” наадмаас “Оны шилдэг тоглоом” шагналыг хүртжээ.


Түүнчлэн сансрын жижиг роботын адал явдлуудыг харуулсан энэхүү тоглоом нь Лос-Анжелес хотноо болсон шагнал гардуулах ёслолын үеэр “Гэр бүлд зориулсан шилдэг тоглоом, Шилдэг адал явдалт тоглоом” төрлүүдэд ялагчаар тодорлоо. Astro Bot” тоглоомыг бүтээсэн Японы Team Asobi студийг эзэмшдэг Sony” компанийн мэдээлснээр, одоогийн байдлаар 1.5 сая гаруй ширхэг тоглоом борлогдоод байна


Видео тоглоомын зах зээл улам өргөжин тэлэхийн хэрээр “The Game Awards нь тоглоом хөгжүүлэгчдийн хувьд тухайн салбарын хамгийн нэр хүндтэй наадам болоод байна. Өнгөрсөн оны ёслолын шууд дамжуулалтыг дэлхий даяар 118 сая хүн үзсэн гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Харин кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулах 2023 оны Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 19 сая орчим хүн үзсэн байна.


Пүрэв гарагт болсон ёслолын үеэр Дундад зууны үетэй холбоотой уран зөгнөлт Metaphor: ReFantazio” тоглоом “Шилдэг дүрд хувирах тоглоом”, “Шилдэг өгүүлэмж” шагналыг хүртжээ. Уг тоглоомыг мөн Японы Atlus студид бүтээжээ. Түүнчлэн “Balatro покер тоглоом “Гар утасны шилдэг тоглоом”-оор шалгарсан байна.


Энэ онд 11 дэх удаагаа болж буй The Game Awards наадамд жүжигчин Харрисон Форд, репэр Снуп Догг тэргүүтэй алдартнууд уригдан иржээ. Ёслолын үеэр Снуп Догг саяхан гаргасан Missionary цомгийнхоо дууг үзэгчдийн хүртээл болгосон байна. 

Холбоотой мэдээ