“Тэнгэрийн элч” үндэсний түүхэн дуурь үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-17 17:04:38

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” түүхэн сэдэвт шинэ бүтээлийг үзэгчдэд хүргэх гэж байна.


Энэ сарын 28, 29-нд тоглох эл дуурийн зохиолыг соёлын тэргүүний ажилтан Л.Даваасүрэн, Б.Энхтуяа нар бичсэн бол С.Баттулга найруулжээ. Харин хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин А.Энхтайван, ерөнхий продюсероор гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир нар ажилласан байна. Тус театраас 2024 онд хоёр дахь шинэ бүтээлээрээ үзэгчдийн сонорыг мялааж байгаа нь “Тэнгэрийн элч” үндэсний түүхэн дуурь аж.


Энэхүү дуурь нь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морио алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрнэ. Ингэхдээ Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчитой анх танилцаж, анд барилдсан цагаас хойш их Монгол Улсыг нэгтгэн төр улсыг төвшитгөх хүртэл хамт зүтгэхдээ “Мөнх тэнгэрийн элч хэмээн өргөмжлөгдөж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм.

Холбоотой мэдээ