ОРХОН: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 98,1 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-18 16:17:50

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны 19/03 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд мал аж ахуйн 12, мал эмнэлгийн чиглэлээр 4, газар тариалангийн чиглэлээр 11, хүнсний чиглэлээр 1 нийт 28 заалт бүхий ажлыг тусган хэрэгжилтийг 98,1 хувьтай хангажээ.


Орхон аймгийн хувьд малчин өрх 994, мал бүхий иргэд 386, 176,1 мянган толгой мал өвөлжих бөгөөд өнгөрсөн жилийн мал тооллогын дүнтэй харьцуулахад малын тоо энэ онд харьцангуй өссөн дүнтэй гарч байгаа тухай Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж, Баян-Өндөр, Жаргалант сумын 8 чиглэлд 40 хүн, төвийн 2 чиглэлд 10 хүн, нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.


Энэ онд аймгийн хэмжээнд малчдын түвшинд 11500 тн байгалийн хадлан бэлтгэхээс 11 772 тн бэлтгэж, Баян-Өндөр сум 4,150, Жаргалант сум 7,572 тн бэлтгэсэн байна.


Орхон аймаг нийт 39,3 га бэлчээрийн талбайтай, үүнээс 1400 га  хадлангийн талбайгаас 4500 тн хадлан бэлтгэж, үлдсэн 6500 тн хадланг хөрш зэргэлдээ аймгаас авч, нөөцөд 2,6 тэрбум төгрөгийн өвс байна.


Аймгийн хэмжээнд өвс 13000-18000 төгрөг, хивэг 25000-30000 төгрөг, ашиг долооц 5 кг нь 9000-10000 төгрөг, ногоон тэжээлийг 18000-20000 төгрөгөөр худалдаж байна. Нийт 280 га талбайд ногоон тэжээл тариалан 1274 тн-ыг хураан авч, үүнээс 250 гаруйг нь зах зээлд борлуулах юм.



Холбоотой мэдээ