Оросын генералыг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-18 17:16:50

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /DW/. Генерал Игорь Кириллов цахилгаан скүүтерт нуусан тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хэрэгт холбогдуулан Узбекистаны нэгэн иргэнийг саатуулан баривчилсан гэж Оросын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ


ОХУ-ын Зэвсэгт хүчний цөмийн, химийн, биологийн зэвсгээс хамгаалах хүчний командлагч Игорь Кириллов болон түүний туслах Илья Поликарпов нарын амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан 1995 онд төрсөн Узбекистаны иргэнийг баривчилсан гэж Мөрдөн байцаах хорооноос мэдээлсэн байна.


Өдгөө 29 настай сэжигтэн Украины тусгай хүчинд элссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдэлд дурдсан бол Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлснээр, түүнд 100 мянган ам.доллар, Европын Холбооны улсад амьдрахыг санал болгосон байна. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хэвлэлийн алба мэдээлэхдээ, уг этгээдийг террорист халдлага үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчилжээ.


Мягмар гаргийн өглөө Москва хотын зүүн өмнөд дүүрэгт байрлах нэгэн байшингийн гадаа скүүтер дотор нууж бэхэлсэн төхөөрөмжийг алсын зайнаас дэлбэлсний улмаас 54 настай дэслэгч генерал И.Кириллов болон түүний туслах амиа алджээ.


Украины дотоодын тагнуулын SBU агентлагтай ойр эх сурвалжуудын ярьснаар, уг хэргийн хариуцлагыг тус агентлаг албан бусаар хүлээсэн байна. ОХУ-ын цөмийн, химийн, биологийн зэвсгээс хамгаалах хүчний даргыг устгах нь SBU-ийн ажил гэж SBU-ийн эх сурвалж хэд хэдэн мэдээллийн агентлагт мэдээлсэн байна.


Украины прокурорууд И.Кирилловыг "байлдааны талбарт хориотой химийн зэвсэг хэрэглэхийг тушааж, 2000 орчим цэргийг хордоход хүргэж, гурван хүнийг хөнөөсөн" гэх үндэслэлээр ялласнаас хойш ердөө 24 цагийн дараа дээрх халдлага болжээ. 


Харин Москва уг мэдээллийг няцааж, 2017 онд химийн зэвсгийнхээ нөөцийн үлдсэн хэсгийг устгасан гэж мэдэгдсэн байна. АНУ, Их Британи өмнө нь Оросыг "хлоропикрин хэмээх хорт бодисыг байршуулсан" гэж буруутгаж байсан бөгөөд Их Британи улс 10 дугаар сард И.Кирилловын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Холбоотой мэдээ