Японы боомтод 58 сая доллароор үнэлэгдэх хар тамхи илрүүлжээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2016-10-20 15:45:19

ТОКИО. /TASS/. Японы Иокогама боомтын гаалийн албаныхан 100 кг орчим кокаиныг илрүүлэн хураан авчээ. Өмнөд Америкийн нэгэн улсаас тээвэрлэн авчирсан чингэлэг дотор байсан уг хар тамхийг жижиг уутнуудад хуваан хийж, хүнсний бараа гэж гаалийн мэдүүлэгт бичсэн байв.  

100 кг кокаин гэдэг нь хар захын үнээр 6 тэрбум иен буюу 58 сая доллар болох аж. Хар тамхийг 9 дүгээр сард илрүүлсэн гэх мэдээлэл ч байгаа бөгөөд цагдаа нар эцсийн худалдан авагчийг нь эрэн сурвалжилсаар байна.  

Японы түүхэнд хамгийн их хэмжээний хар тамхи илрүүлэн хураасан тохиолдол энэ оны зургадугаар сард Окинава арлын Наха хотын боомтод гарсан юм. Тухайн үед синтетик хэлбэрт оруулсан 600 кг орчим хар тамхийг хураан авсан бөгөөд энэ нь хар захын үнээр 387 сая доллар болох юм. Энэ хэрэгт холбогдуулан Тайванийн зургаан иргэнийг баривчилжээ.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ