БУЛГАН: Ингэт толгойн малтлага археологийн шилдэг судалгааны төрөлд дэд байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-25 11:42:15

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн орой дээр эртний туурь тахилын сүмийн чулуун хийц бүхий байгууламж илрүүлсэн “Өв соёлын голомт” төсөл Монголын археологийн шилдэг судалгааны төрөлд дэд байрт шалгарсан байна.

 

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12 дугаар сарын 21, 22-нд болж, Монголын шилдэг археологичид хоёр өдөр хуран чуулж, судалгаа шинжилгээний тайлан, үр дүнгээ хэлэлцэж шилдэг судалгаа, төслүүдээ шалгарууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралд Монголын 20 байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач болон дэлхийн 20 гаруй орны 50 орчим их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 120 орчим эрдэмтэн оролцож, 91 илтгэл хэлэлцсэн байна.


Тодруулбал, энэ жилийн хээрийн судалгааны үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний хуралд Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Археологи, антропологийн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МБШТГХ-ийн Эрдэм соёлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ.


Харин олон улсаас ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Япон, Итали, Израил зэрэг 20 орны эрдэмтэн судлаачид оролцсон байна.


Монголын археологичдын холбоо болон Монголын Үндэсний музей, 2024 оны Монголын археологийн нэгдсэн хурлаар Голомт банкны санаачилга болоод дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй "Өв соёлын голомт" төслийн хүрээнд хийсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа шилдэг судалгааны төрөлд дэд байрт шалгарсан юм.

 

“Өв соёлын голомт” төслийг Голомт банк, Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран 2022 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн зорилт нь монголчуудын олон зууны түүхийг археологийн олдвороор нотлох, олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, он цагийн хамаарлыг тогтоох, хадгалж хамгаалах, археологийн судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжих, ахиц дэвшил гаргах, судалгааны шинэ үр дүнг бий болгох юм. Мөн төслөөр дамжуулан монголчууд тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд Монголын түүхийн үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээхийн зэрэгцээ өв соёл, зан заншил, шашин шүтлэг, түүнтэй холбогдох түүхийг Монголд төдийгүй дэлхийд таниулах ач холбогдолтой.


Археологийн малтлагыг Булган аймгийн Сэлэнгэ сум, хуучнаар Ингэт толгойн сангийн аж ахуйн зүүн талд, сумын төвөөс зүүн тийш нэг км зайтай Сэлэнгэ мөрний урд эрэгт орших Итгэт толгойн орой дээр хийсэн байна.


Энэ дурсгалыг анх 1960-аад онд ууган археологич Х.Пэрлээ өөрийн бүтээлд дурдсан байдаг. Харин 1964 онд археологич Н.Сэр-Оджав энэ дурсгалыг үзэж Ингэт толгойн сангийн аж ахуйд өвөрмөц хийцтэй хүн чулуун хөшөө байна гэж анх мэдээлжээ.


Ингэт толгойн бэлд байх өвөрмөц төрхтэй, хүн чулуун хөшөө нь 220 см өндөр, 70 см өргөн, 30 см зузаан хэмжээтэй. Ингэт толгойн хүн чулуун хөшөөг Киданы цаг үед бүтээгдсэн эсвэл Бумбын шашинтай холбоотой гэсэн таамаглал байдаг. Улбар бор өнгийн элсэрхэг чулуугаар урласан энэхүү хүн чулуун хөшөөг нутгийнхан “Далха бандида" хэмээн нэрийдэн тахин шүтэж иржээ.


Энэ хүн чулуун хөшөө нь Монгол нутгаас илэрч мэдэгдээд байгаа 700 гаруй хөшөөний дундаас дүрслэлийн хувьд цор ганц олдсон онцгой содон юм.






Холбоотой мэдээ