Бөөрөлжүүтийн цахилгаан станц эрчим хүч нийлүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-30 10:57:13

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжсан бөгөөд тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.


Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт гал гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшилсон. Тэгвэл ослын улмаас үүссэн эвдрэлийг засварлаж дууссанаар төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүч эхэллээ.


Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа, “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх томоохон зорилтыг 2024 онд тавьж байсан. Нэг жилийн хугацаанд энэхүү зорилгодоо хүрч чадлаа. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаагаараа онцлогтой” гэв.


Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлаж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжид шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ