ӨВӨРХАНГАЙ: Төвхөн хийдийн хадгалалт, хамгаалалтад анхаарах цаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар бясалгал
үйлдэн уран бүтээлээ туурвиж байсан Төвхөн хийдийн хадгалалт, хамгаалалтад
анхаарах цаг болсон байна.
Бат-Өлзий сумаас баруун хойш 20 орчим километрт, далайн түвшнээс дээш 2650 метр өндөрт өргөгдсөн, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Төвхөн ширээт уулын оройд орших уг хийдийг Занабазар 1648 онд 14 настайдаа байгуулж байжээ.
Улмаар 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулж, “Дубхан” буюу Бүтээх байр гэж нэрлэсэн агаад 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.
Хийдийн дэргэд Өндөр гэгээний цайны болон угаал үйлдэх усаа авдаг хоёр худаг байсан ба баруун хойд талын хаданд ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй нь байдаг. Халх, Ойрадын дайн самуунаас хойш тус хийд эзгүйрэн орхигдоод 1773 онд сэргээн хурал ном хурж эхэлжээ.
Мөн 1992 оноос улсын хамгаалалтад авч, 2001 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдийн дөрвөн сүм, хоёр суварга, асарт хаалгыг анхны төрх байдлаар нь сэргээн босгожээ.
Гэвч өнөөг хүртэл 20 гаруй жил дахин засварлаагүйн улмаас хийдийн дуган, гадна хашааны будаг гандаж бүдгэрсэн, Гонхоны суурь хэсэг, Цогчины хүзүүвч мод өмхөрсөн учраас суулт өгч гажсан, хана зай завсар ихтэй, дээврээс цас, борооны ус гоождог, хашлага хугарсан байдалтай байна.
Иймд Төвхөн хийдийн барилга, архитектурын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийг арчилж тордох, бэхжүүлэх, анхны дүр төрхөөр нь сэргээн засварлах төдийгүй хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
2023 онд Соёлын яамнаас Төвхөн хийдийн хадгалалт, хамгаалалтад зориулж, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байв. Энэ онд аймгийн соёлын байгууллагаас хийдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төслийг боловсруулаад байна.