Америкийн компаниудыг найдваргүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-03 11:26:44

БЭЭЖИН, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Xinhua/. Тайваньд зэвсэг нийлүүлсэн АНУ-ын 10 компанийг  найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулсан гэж Хятадын Худалдааны яам пүрэв гарагт мэдэгджээ.   


Мэдэгдэлд дурдсанаар, “Lockheed Martin Missiles and Fire Control, Lockheed Martin Aeronautics”, “Lockheed Martin Missile System Integration Lab зэрэг компаниудыг Хятадтай холбоотой импорт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглож, Хятадад шинээр хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна. Мөн эдгээр компанийн удирдах албан тушаалтнуудыг Хятадад нэвтрэхийг хориглож, ажиллах зөвшөөрөл, оршин суух эрхийг нь цуцалж, тэдгээртэй холбогдох өргөдлийг хүлээн авахгүй ажээ.


Эдгээр компани сүүлийн жилүүдэд Хятадын талын эсэргүүцлийг үл харгалзан Тайваньд зэвсгийн худалдаа эрхэлж, цэргийн технологийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү үйлдэл нь Хятад улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдаж, "Нэг Хятад бодлого", Хятад-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийг ноцтойгоор зөрчиж, Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна” гэж Худалдааны яам мэдэгдээд, дээрх компанид хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэжээ.  


Найдваргүй аж ахуйн нэгжүүдийн тухай заалтууд нь Хятадын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй гадаадын цөөн хэдэн аж ахуйн нэгж рүү чиглэснийг тус яам онцлон тэмдэглээд, Хятадын Засгийн газрын зүгээс гадаадын компаниуд Хятадад хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэхийг ямагт дэмжиж, тогтвортой, шударга, урьдчилан таамаглаж болохуйц бизнесийн орчныг бий болгохын төлөө ажиллаж байгааг дурдсан байна.

 


Холбоотой мэдээ