Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягт шинэчилсэнийг үндэслэн уг мэдүүлгийг нөхөх зааврыг Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар баталж, энэ сарын 1-нээс мөрдөж байна. Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг өчигдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд албан ёсоор эхэллээ.
Мэдүүлэг гаргагч
нь 2024 оны ХАСХОМ-т өөрийн давхар эрхэлдэг ажлын мэдээлэл, мөн гэр бүлийн
гишүүдийн болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгийг мэдүүлнэ.
Үүнээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл
төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалттай болов. Мэдүүлэг
гаргагч нь Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд
нэвтрэн 2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, ирэх сарын 15-ны дотор
баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх,
хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэйг холбогдох албаныхан
санууллаа.