ЗАВХАН: Дилов хутагт түүхэн жүжгийн хоёр дахь аялан тоглолт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завханы говийн болон, урд бүсийн сумдын
иргэдэд Дилов хутагт түүхэн жүжгийг тавих хоёр дахь аялан тоглолт эхэлжээ.
Дилов хутагт Башлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулан түүний амьдралыг өгүүлсэн түүхэн дуулалт жүжгийг оны өмнөхөн Түдэвтэй сумын Соёлын төвөөс найруулан тавьсан бөгөөд аймгийнхаа 9 сумын иргэдэд хүргэжээ.
Энэ сарын 5-ны өдрөөс Тэлмэн сумаас эхлэн түүхэн жүжгийг 9 сумын Соёлын төвд тоглох юм. Идэр, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сонгино, Баянхайрхан сумын иргэдэд энэ сарын 14-ний өдрийг хүртэл Дилов хутагт түүхэн жүжгийг хүргэнэ.
Энэ жил номч мэргэн егүзэр, цорж, самади багш, Дэмчиг бурхны хувилгаан Дилов хутагтын 7 дугаар дүр Башлуугийн Жамсранжавын түмэн өлзий гийсний 140 жилийн ой тохиож байна.
Мөн 2026 онд Түдэвтэй сумын 100 жилийн ой тохиож буй. Эдгээр түүхэн ойд зориулан соёлын төвөөс санаачлан олон нийтийн хандив дэмжлэгээр түүхэн дуулалт жүжгийг анх удаа найруулан бэлтгэж тайзнаа амжилттай тавьсан юм.
Олон хүний дэмжлэгээр буюу нийт 80 гаруй
сая төгрөгийн хандив тусламжаар энэ жүжиг олны хүртээл болсон. Жүжиг таван үзэгдэлтэй, 30 дүр оролцон
тоглосон. Бүжиг, найрал дуу
гоцлол дуунаас бүрдсэн. Жүжгийг Дилов хутагтын өөрийн бичиж үлдээсэн
дурдатгалаар, Түдэвтэй сумын уугуул зохиолч С.Одгэрэл зохиол бичиж, ахмад уран
бүтээлч Л.Лхагважавын найруулгаар бүтээлээ.
Жүжгийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Борхүүгийн Батболд тоглож, туслах дүрүүдэд Идэр сумын харьяат хөгжмийн зохиолч Б.Дамбадаржаа нарын Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй сумын ардын авьяастнууд гээд 26 хүн оролцон тоглож байна. Жүжгийн хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан, бүжгийн багшаар Соёлын тэргүүний ажилтан Э.Амаржаргал нар ажилласан. Жүжгийг бүтээхэд 40 орчим хүн оролцсон гэж Түдэвтэй сумын Соёлын төвөөс мэдээлэв.
Дилов хутагтын тухай түүхэн жүжгийг өнөөдрийн байдлаар 10 сумын 1300 орчим хүн үзжээ