ОРХОН: Аймгийн музей 1792 гаруй үзмэрээр өв соёлоо сурталчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн музей 1983 онд анх тосгоны илгээлтийн эздийн байранд гол төлөв найрамдал, Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг харуулсан 300 орчим үзмэртэйгээр нээгдэж байсан бол өнөөдөр 1309 дэсийн 1792 гаруй үзмэрийг Түүх-угсаатны, байгал-палеонтологи, уран зургийн, шашны, Эрдэнэтийн түүх гэсэн 5 танхимд дэглэн 41 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Жилд 20-25 үзмэрээр сан хөмрөгөө баяжуулж, бэлэг дурсгал, шилжүүлгээр сан хөмрөг баяжигдсан бөгөөд 2023 онд музейн үйлчилгээг нийт 25000 гаруй үзэгчид хүрч үйлчилсэн байна.
Орон нутгийн түүхэн онцлогийг баримтжуулсан мэдээллийн хүрээг өргөтгөх, түүх соёл, зан заншил, өв уламжлалтай танилцах, танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор ЕБС, цэцэрлэг, оюутан залуучуудын насны онцлогт нь тохирсон боловсролын хөтөлбөрүүдийг багш, нийгмийн ажилтнуудтай хамтран тусгай төлөвлөгөөний дагуу хичээлийн байранд болон бодит үзмэрүүд дээр тулгуурлан зохион байгуулж хэвшжээ.
Орхон аймагт 53 дурсгалт газрын 368 түүх, соёлын үл хөдлөх бүртгэгдсэнээс Баян-Өндөр сумын нутагт 35 дурсгалт газрын 73 дурсгал үүнээс булш хиргисүүр 10 газарт 48 ширхэг, 25 хөшөө дурсгал бүртгэлд хамрагдсан байна.
Жаргалант сумын нутагт 18 дурсгалт газрын 295 булш хиргисүүр Бүртгэл мэдээллийн санд бүртгэгджээ.Эдгээрээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Улсын хамгаалалтад байх ТСҮХД-ын жагсаалтад Жаргалант сумын Айрагийн гозгор дахь бүлэг дурсгал орж, Жаргалант сумын нутагт орших Айрагийн гозгор хэмээх дурсгалт газрыг 2008 онд анх музейн ажилтнууд орон нутгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газраа тоолох, бүртгэх ажлын хүрээнд анх нээж илрүүлсэн бөгөөд 2010 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогоор тооллогын комисс уг газартай танилцан бүртгэн баримтжуулалт хийж байжээ.
2010 онд аймгийн Засаг даргын 473 тоот захирамжаар хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд 2015 оноос эхлэн Монголын үндэсний музей, аймгийн ЗДТГ, БСУГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу анх удаа орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажил эхэлж, таван жилийн малтлага судалгааны ажлын хүрээнд 112 булшнаас 25 булшинд малтлага хийгээд байна. Оршуулгын зан үйлээс харахад Хүннү нарын булштай төстэй төдийгүй Өвөрмонголын нутагт малтан судалсан Сяньби нарын оршуулгын зан үйлтэй адил байхаас гадна палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд Хүннү болон Сяньби нартай холбоотой болохыг тогтоогоод байна.
Булшны дээжид хийсэн он цаг тогтоох судалгааны үр дүнд Нийтийн тооллын I-III зуунд /МЭ/ хамаарч байгаа тул Хүннүгийн сүүл үеэс Сяньбийн үед холбогдох дурсгал хэмээн эрдэмтэн судлаачид үзсэн байна.
Малтлагын ажлын үр дүнд гарсан олдворуудыг сэргээн засаж, аймгийн музейн үзмэр болсноор анх удаа Орхон аймгийн музейн сан хөмрөг археологийн үзмэртэй болж, өнөөдрийн байдлаар 46 дэсийн 48 ширхэг үзмэрийг Чингис хаан Үндэсний музейд түр гэрээгээр шилжүүлжээ.