СҮХБААТАР: Эсгийгээр урлаач ээж охин хоёр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийг тээгч буюу эсгий, ноосоор олон бүтээгдэхүүн урлаач ээж, охин хоёр бол Түмэнцогт сумын нэгдүгээр багийн малчин Ц.Даваа түүний охин Б.Хонгорзул нар юм.
Хонины ахрын ноос, тэмээний ноосыг уламжлалт гар аргаар боловсруулж бүтээгдэхүүнээ урладаг тэдний энэ соёл дөрвөн үе дамжжээ. Ц.Даваа бага наснаасаа л ээждээ
тусалж бүх нарийн аргачлалыг сурсан бол өдгөө өөрөө охиндоо зааж өгч, хамтдаа бүтээлээ
урладаг болжээ. Б.Хонгорзулын охидууд ч мөн гар урлалын бүтээл урлах сонирхолтой гэнэ.
Хөдөөний ажил их ч хүн амжуулъя гэвэл болдог л юм. Тэр тусмаа дуртай зүйлдээ яаж ийж байгаад зав гаргадаг. Эсгийгээр бүтээгдэхүүн урлаж, түүнийгээ худалдан борлуулснаар гэр бүлийн нэмэлт орлого бий болсон. Эхлээд ойр орчмын хотныхондоо зардаг байсан
бол одоо хэдийнэ өөрсдийн гэсэн худалдан
авагчтай болж сумынхан болон хөрш зэргэлдээх
сумдад ч хэрэглэгчтэй болсон. Бидний гол давуу тал бол түүхий эд болох ноос маань зүгээр л гадаа, хотонд бэлэн байна. Үүнийгээ ашиглаад арваад нэр төрлийн бүтээгдэхүүн урлахын зэрэгцээ нэмэлт орлоготой болж байна. Гэрийнхэн
маань ч мэддэг учир эр эмгүй л оролцож тусална. Ноос
цэвэрлэхээс эхлээд ажиллагаа их учир мэдээж хүн хүч хэрэгтэй байдаг. Бүх зүйл гар аргаар хийгддэг нь бидний давуу тал. Техник ашиглаж хийсэн ноосон бүтээдэхүүний чанар гар аргынхаас хэд дахин бага байдаг. Гараар хийсэн гэхээр чанаргүй, эдэлгээ муу гэх ойлголттой хүмүүс байдаг ч
үгүй гэдгийг бид бүтээлээрээ батлан
харуулж чаддаг. Бид бүтээгдэхүүндээ ихэвчлэн ахрын ноос ашигладаг
учраас чанартаа илүү их баталгаа өгч чаддаг. Эсгийгээр ингэж бүтээл урлаж байгаа маань хобби, орлого олох ажил мэт боловч уламжлалт өв соёлоо хадгалж, сурталчлан таниулж яваа үйл хэрэг гэж бодон маш хүндэтгэлтэй хандаж, элдэв муу нэргүй байхыг хүсдэг дээ гэж Ц.Даваа ярилаа.
Түүний охин
Б.Хонгорзул Түмэнцогт
сумынхаа сурагчдын дотуур байранд
багшилдаг. Сурагчдынхаа чөлөөт цагаар мөн эсгий урлалаа зааж хамтдаа бүтээл хийдэг байна. Өөрөөр хэлбэл тэр бас л өөрийн өвлөснөө бусдад өвлүүлж яваа нэгэн.
Ц.Даваа ч мөн адил сумынхаа ахмадууд болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдэд үнэ төлбөргүй сургалтыг хэд хэд явуулжээ.
Тэд олбог, углааш, бойтог, гар цүнх, хөнжил зэрэг арваад төрлийн бүтээгдэхүүнтэй. Сумандаа болон аймгийн нэгдсэн үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог байна. Ингэснээр бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэхийн зэрэгцээ маш сайн сурталчилгаа болдог гэдгийг онцолж байв.