Явган хүний замыг ес, дугуйн замыг 20 дахин нэмж, авто замыг 17 мянган км-ээр уртасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-08 16:11:35

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын тухай хуулийн төсөл, нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцсэн билээ.


Хурлаас гарсан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хийв.


Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Үүнээс хойш зургаа дахь удаагаа ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ. 2040 он гэхэд хотын хүн ам 2.5 сая хүрэх төлөвтэй байна. Иймээс тэдэнд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн тээвэр, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх таталцлын бүсүүдийг бий болгох зэрэг хот байгуулалтын стандартад тавьдаг бүхий л суурь үзүүлэлтээр хөгжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа. Тухайлбал, явган хүний замын уртыг одоо байгаагаас ес дахин, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх бол авто замын сүлжээг 17.000 км-ээр уртасгана. Ингэснээр оргил ачааллын үед есөн км/цагийн хурдтай байгааг 22.5 км/цагт хүргэх боломж бүрдэнэ. Мөн айл өрхүүдийн 80 орчим хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжаар хангах зорилго бүхий мастер төлөвлөгөөг өргөн барилаа” гэв. 


Түүнчлэн төлөвлөгөөг боловсруулахдаа 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэжээ. Ингэхэд уг төлөвлөгөөний биелэлт 29.3 хувьтай байсныг тодотголоо. Санхүүгийн нөөц бололцоогүйн улмаас дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх хөрөнгө зардлыг тусгаагүйгээс инженерийн дэд бүтцийн норм хэтрүүлж, хэт төвлөрүүлж, орон сууцжих бодлого явуулсан. Энэ нь 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гарсан алдаа гэдгийг хотын дарга онцлов.


Тэгвэл 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 240 их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан байна. Үүний 120 их наядыг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргана. Инженер, дулаан, цахилгаан хангамжийг нэмэх, шугам сүлжээг өргөтгөх чиглэлээр улс, нийслэлийн төсвийг чиглүүлэх аж. Харин инженер, техникийн боломж бүрдсэн газруудад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар 120 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ