СҮХБААТАР: Салбарын сайдад сургуулийн нөхцөл байдлаа танилцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар Р.Гомбын нэрэмжит Онгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Баттөмөр багш, ажилчдын төлөөллийн хамтаар Боловсролын сайд
П.Наранбаяртай уулзжээ. Улмаар сургуулийн нөхцөл байдлаа
танилцуулж, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцсон
байна.
Тус сургуульд Наран, Онгон сумын 722 хүүхэд сурдаг. Хичээлийн хоёр
байртай ч нэгдүгээр байранд их засвар хийх шаардлагатай. Хоёрдугаар
байр буюу бага сургуулийн барилга нь 2022 онд ашиглалтад орсон ч дээврээс ус гоождог, спорт заалыг гүйцэд засварлаагүйн улмаас ашиглах боломжгүй зэрэг хүндрэлтэй. Сургуулийн
төгсөгчдөөс жүдо, үндэсний бөхийн олон аварга тодорч байсан ч сүүлийн жилүүдэд тамирчин
сурагчдын бэлтгэл сургуулилалт тасалдах болжээ.
Энэ жил сумын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сургуулийн үе үеийн төгсөгч, багш нарын уулзалтыг хийж, сургуулийнхаа нэгдүгээр байранд засвар, шинэчлэл хийхээр болжээ. Харин бага сургуулийн барилгын гүйцэтгэлийг дахин шалгуулж, цахим танхимын тохижилтыг дэмжинэ гэдгээ салбарын сайд илэрхийлсэн байна.