АРХАНГАЙ: Та “сахилгагүй” жолооч бол албан журмын даатгалын үнэ нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Жолоочийн хариуцлагын даатгал 700000 төгрөг болсон тухай мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Үүнийг судалж, мэдээлэл бэлтгэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 тогтоолоор шинэчлэн баталсан “Жолоочийн даатгалын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-т өөрчлөлт оржээ.
Үүний хүрээнд Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж өөрчлөгдсөн журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.
Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох 9 итгэлцүүрт тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил, зориулалт, ашиглалт, гэрээний хугацаа, чиргүүлтэй эсэх, өмчлөлийн хэлбэр, тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоо, осол гаргаж, нөхөн төлбөр гаргуулж байсан эсэх, жолоочийн нас, жолоодох туршлага зэрэг багтана.
Гол өөрчлөлтүүдийг энгийнээр дурдвал,
1. Жолоочийн заавал төлөх даатгалын үнэ өсөөгүй. 33000 төгрөгийн суурь үнийг Албан журмын даатгалын хуульд зааж өгсөн.
2.
Таны даатгалд төлөх хураамж таны эрсдэлийг тооцох 9 итгэлцүүрээр тооцох ба үүнээс хамаарч хүн бүрд харилцан адилгүй дээрх 33 мянган төгрөгнөөс
тооцож таны төлөх хураамж гарна.
3. Дээрх итгэлцүүрүүдэд журмаар өөрчлөлт орсон.
Өөрчлөхдөө өнгөрсөн 12 жилийн дата мэдээллийг
суурь болгож, тооцсон.
4. Хэрэв та осол гаргадаг, хариуцлагагүй жолооч бол таны итгэлцүүр
нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, албан
журмын даатгалд төлөх мөнгө нэмэгдэнэ.
5.
Дараагийн нэг гол өөрчлөлт нь жолоочийн нэр хязгаарлахгүй хийхээр итгэлцүүр өсч
байна. Өмнө нь осол гаргадаг
жолооч нар жолоочийн нэр хязгаарлахгүй даатгалаа хийж дахин дахин осол гаргадаг
асуудлыг үүгээр цэгцэлж байгаа юм.
6. Тиймээс та өөрийн машиныг хэн жолоодохыг нэр заавал зааж өгөхийг зөвлөж байна. Хариуцлагагүй, осол хийдэг, туршлагагүй жолоочоор бариулаад нэр заахгүй даатгавал “эрсдэлтэй” гэж үзэж үнэ нэмэгдэхээр зохицуулагдсан байна.
Журамд зааснаар жолооч та сүүлийн нэг жилийн хугацаанд
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан бол,
-Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, зам
тээврийн осол гаргасан бол,
-Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын
тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин зам тээврийн осол
гаргасан бол,
-Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан бол таны даатгалын хураамжийг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцох юм.
Жишээ болгож 34 настай, жолоо барьсан 5 жилийн туршлагатай, В ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолоочийн шинэ журмаар бодогдох үнийг хязгаарлах ба хязгаарлахгүй хоёр тохиолдолд бодсоныг зургаар оруулав.