ОРХОН: Мөсний шагайн харваанд 260 гаруй харваач оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-10 15:08:33

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 10/МОНЦАМЭ/. Орхон аймгийн мөсний шагайн ”Мөнгөн толь” холбоо, аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Биеийн тамир спортын хороо, "Аялгуу" соёлын төв, "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн" хамтран "Эрдэнийн цом" мөсний шагайн харвааны шилдэг баг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.


Мөсний шагайн харвааг идэр гурван есийн хүйтэн эхлэх өдөр зохион байгуулдаг уламжлал тогтсон бөгөөд гурван ес эхэлсэн энэ өдөр тэмцээнийг 21 аймгийн 260 гаруй харваачийг оролцуулан тэмцээн эхэллээ.


Мөсөн харвааг XVII зууны үед Халхын Зая гэгээн Лувсанпэрэнлэй Төв халхын нутагт уламжлан хөгжүүлсэн гэдэг.

Заяын шавьд лам нарын дунд зуны эхэн сард ханиад өвчин гарч илааршихгүй байсан гэх агаад Зая гэгээн бие булчингийн хөдөлгөөн, чадал хүч, сэтгэл, оюун ухааны нэгдэл болсон энэ наадгайг зохион хийдийнхээ сүүдэрт номын хүчээр мөс хөлдөөн дэг жаягийг боловсруулж, лам нарыг тоглуулан эдгээн анагааж байсан гэсэн домог хууч байдаг байна.


Монголын үндэсний өв соёл мөсний шагайн харваан тэмцээнийг жил бүр аймаг орон нутгуудад ээлжлэн зохион байгуулдаг. Орхон аймаг өмнө нь 2022 онд өөрийн аймагтаа хийж байсан бол хоёр дахь удаагаа уг тэмцээнийг зохион байгуулж байгаа нь улсын хэмжээнд 25 дахь удаагаа болж буйгаараа онцлогтой байна.


Мөсөн шагайн шилдэг багууд шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргах бөгөөд сүүлийн жилүүдэд тэмцээнд оролцох харваачдын тоо нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ