УВС: Монгол бичгээр албан бичгийн маягт хэвлэх захиалга их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-10 17:11:58

Улаангом. 2025 оны нэгдүгээр дүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ оноос эхлэн улсын хэмжээнд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан Увс аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт хандан монгол бичгээр албан бичгийн маягт хэвлүүлэх төрийн байгууллагуудын захиалга эрс нэмэгдсэн байна.


Өнгөрсөн 2023, 2024 онд 19 сумын 120 байгууллага болон аймгийн төвийн 68 байгууллага монгол бичгээр албан бичгийн маягт хэвлүүлж авсан байна. Тэгвэл он гарсаар албан маягт шинээр захиалах байгууллагуудын тоо нэмэгдэж, ачаалалтай ажиллаж байна. Монгол бичгээр бичсэн тушаал болон албан тоотын маягтыг байгууллагууд хэрэгцээнээсээ хамааран 10-500 хүртэл хувиар хэвлүүлж байна.


2015 онд батлан гаргасан Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлнө” хэмээн заасан нь 10 жилийн дараа буюу энэ оноос биелэлээ олж эхлээд байна.

 

Холбоотой мэдээ