Neuralink-ийн тархины суулгацыг гурав дахь хүнд суулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-01-13 17:31:01

МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 13 /RIA Novosti/. “Neuralink” компанид бүтээсэн тархины суулгацыг гурав дахь өвчтөнд амжилттай суулгасан тухай Америкийн бизнес эрхлэгч, тэрбумтан Илон Маск “Stagwell” компанийн маркетинг хариуцсан захирал Марк Пеннд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 


"Бид одоогоор “Neuralink”-ийн суулгацыг гурван хүнд суулгаад байна. Суулгацууд бүгд сайн ажиллаж байна" гэж И.Маск хэлсэн байна. Түүний хэлснээр, тус компани энэ онд ийм суулгацыг 20-30 өвчтөнд суулгахаар төлөвлөж байгаа аж.


Илон Маскийн “Neuralink” компани 29 настай, саажилттай Ноланд Арбо гэдэг залууд тархины чип суулгасан тухайгаа өнгөрсөн онд мэдээлж байсан билээ.  Таблетын батарейтай төстэй жижиг төхөөрөмжийг Арбогийн тархинд суулгасан бөгөөд өвчтөний тархинаас хүлээж авсан дохиог электрод бүхий бичил утаснууд дамжуулдаг байна. Тархинаас ирсэн командууд нь утасгүй сүлжээгээр компьютерын программ руу дамжсанаар өвчтөн бодлоороо тэдгээрийг удирддаг. Энэхүү технологи нь гар хөлөө хөдөлгөж чадахгүй болсон хүмүүст туслах зорилготой гэж “Neuralink” компани мэдэгдсэн юм.


Хоёр дахь өвчтөний тархинд чипээ суулгасан тухай “Neuralink” өгөрсөн оны наймдугаар сард мэдэгдсэн юм. Уг өвчтөн одоо бодлоороо 3D объект бүтээж сурчээ. 


Ирээдүйд тархины суулгацыг ашиглах нь ердийн хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа И.Маск илэрхийлсэн байна.


Холбоотой мэдээ