Бөхийн өргөөнд 19 жилийн дараа дархан аварга цолтой бөх түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан боллоо.
2025 оны
хамгийн эхний барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооноос хэрэгжүүлж буй
чансааны онооны дагуу зохион байгуулснаараа онцлогтой. Уг барилдаанд Увс
аймгийн Ховд сумын харьяат “Сүлд”
спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон
сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх,
аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
үзүүрлэв.
Харин их шөвөгт Дундговь
аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Э.Даш,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт
хороо, “Хан
Хэнтийн Аварга” дэвжээний
бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, С.Сүхбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар үлдсэн юм.
Дашрамд сонирхуулахад, Өчигдрийн барилдаанд Н.Батсуурь түрүүлснээр бөхийн өргөөнд 19 жилийн дараа дархан аварга цолтой бөх түрүүлсэн тохиолдол болж байна. Дархан аварга Н.Батсуурь ярихдаа “Шинэ оны анхны барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Шинэ үндсэн хуулийн ойн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ, сайхан байна. Дархан аварга цолтой зодоглосон эхний хэдэн барилдаанд цочоо арилаагүй байсан бол одоо бэлтгэл жигдэрсэн. 2024 ондоо муу, муухай бүхэн хойно үлдсэн байх. Унаж, давах нь бөх болгонд байдаг зүйл. Улсын цолонд ойртсон, бэлтгэл нь ханасан сайхан залуучуудтай барилдлаа. Хийе гэсэн мэхээ зоригтой, даацтай хийж, давлаа. Цаашид бөхийн өргөөнд зохион байгуулах барилдаанд боломжоороо тогтмол оролцохыг бодож байна” гэв.